2017 онд бусдын албадлагаар биеэ үнэлж, хөдөлмөр эрхэлж байсан нийт 46 хүнийг илрүүлж, аварсан тухай өчигдөр буюу Баасан гарагт танилцуулсан Японы засгийн газрын тайланд өгүүлжээ.
Энэ нь өмнөх онд илэрсэн 50 хохирогчоос бага зэрэг буурсан тоо юм байна. Аврагдсан хүмүүсийн 28 нь Японы иргэн байсан бол найм нь Тайланд, долоо нь Филиппин, мөн Вьетнам, Бразил, Монголын тус бүр нэг иргэн байжээ.
Япон үндэстэн нэг хүүгээс бусад нь эмэгтэйчүүд байсан гэнэ. 17 хүртэл настай хохирогчдын дотор дээр дурдсан хүүгээс гадна Япон үндэстэн таван охин, нэг Филиппин охин байжээ.
Тэдний ихэнх нь биеэ үнэлэх ажлыг хүчээр хийж байсан гэнэ.
2014 оны арванхоёрдугаар сард Японы засгийн газар хүний наймаатай тэмцэх ажлын төлөвлөгөө гаргаж, хэрэгжүүлж эхэлсний хүрээнд дээрх тайланг жил бүр танилцуулдаг болжээ.
Эх сурвалж: Kyodo News