Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/19-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Нарантуяа: Зүрхний шигдээсийн хамгийн залуу тохиолдол 23 нас байна

Т.Жанерке, iKon.mn
2018 оны 5 сарын 19
iKon.MN
 

Монгол Улс зүрх судасны өвчний нас баралтаараа дэлхийд нилээд дээгүүрт ордог. Өөрөөр хэлбэл  зүрх судасны өвчин монголчуудын нас баралтын тэргүүлэх шалтгаан болоод байна. Эрүүл мэндийн хөгжлийн төвийн статистикийн тайлангаас харахад манай оронд 10 мянган хүнд ноогдох зүрх судасны өвчлөл сүүлийн 20 жилд тасралтгүй өссөн үзүүлэлттэй гарчээ. Тухайлбал, 10 хүнд 800 гаруй хүн ноогдож байх жишээтэй. НЭМҮТ-ийн захирал Д.Нарантуяатай зүрх судасны өвчлөл болон иргэд юунд анхаарч, яаж урьдчилан сэргийлэх талаар ярилцлаа. 

-Зүрх судасны өвчлөл улам залуужиж байгаа гэсэн судалгаа байна. Энэ талаар яриагаа эхлэх үү?

-Монголчуудын дунд тохиолдож байгаа нийт өвчлөлийн гуравт зүрх судасны өвчин жагсаж байна. Дэлхийд 10 мянган хүнд ноогдох зүрх судасны өвчлөлөөрөө хамгийн дээгүүрт орж байна гэсэн судалгаа ч бий. Нас баралтаар нь авч үзвэл зүрх судасны өвчин 1-т , хорт хавдар 2-т, осол гэмтэл 3-т ордог. Манай улсын гурван хүн тутмын нэг нь зүрх судасны өвчнөөр нас барж байна. Хүн амын насны бүтцээр авч үзвэл дийлэнх нь 25-35 насны залуучууд.

Тархины харвалтын хамгийн залуу тохиолдол 19, зүрхний чигдээсийн хамгийн залуу тохиолдол 23 нас байна. Ид хөдөлмөрлөх насан дээрээ байгаа залуучууд маань зүрхний өвчнөөр өвдөж, хөдөлмөрийн чадвараа улам алдаад байвал улс орны маань хөгжил хаашаа чиглэж, хэн хөдөлмөрлөх вэ гэдэг нь маш том асуултын тэмдэг болоод байна.  40-өөс дээш насныханыг уг өвчнөөр өвдөх магадлалтай өндөр эрсдэлтэй хүмүүс гэж тооцдог байтал манайд улам залуужаад нэг ёсондоо залуу насны өвчин болчихоод байна. Тиймээс зайлшгүй анхаарал хандуулах ёстой.

Ялангуяа 6-11 насны хүүхдүүдэд илүүдэл жин ихтэй болсон. Энэ нь  өөрөө зүрх судасны өвчний нөхцөл болж байна. Дээрээс нь одоогийн хүүхдүүд чийрэгжилт багатай, хөдөлгөөний идэвхи муутай болжээ. Судалгаанаас авч үзэхэд өнөөдөр дөрвөн сурагч тутмын нэг нь хөдөлгөөний идэвхи муутай, хоёр нь байнга компьютерийн ард суудаг, телевиз үздэг, РС тоглодог гэх мэтчилэнгээр ямар нэгэн байдлаар хөдөлгөөний идэвхгүй байгаа юм. Эндээс үзэхэд хүүхдүүдийн чадавхи, хөдөлгөөн, ачаалал даах чадвар буурсан байна. Яг одооноос хүүхдүүддээ багаас нь сайн ойлгуулахгүй бол ирээдүйд их хор уршигтай, хүүхдүүддээ зүрх судасны өвчнөөр өвдөх суурийг нь эртнээс бэлдээд өгч байна гэсэн үг. 

-Хүмүүс зүрх өвдөхөөр дагаад даралт ихэсчихлээ гэж ярьдаг. Зүрхний өвчин даралтыг ихэсгээд байна уу, аль эсвэл даралт нь зүрхний өвчний шалтгаан болдог уу? 

-Тархины харвалт зүрх судасны өвчний гол хүндрэл болдог. Манай улсын хувьд тархины харвалтаараа дэлхийд эхний 10-т, тэр 10 орныхаа нэгт жагсдаг. Энэ нь манай улс тархины цус харвалтаараа дэлхийн дунджаас дөрөв дахин өндөр байна гэсэн үг. Артерийн гипертенз буюу даралт ихсэх өвчин тархины харвалт, зүрхний булчингийн цусан хангамж дутагдах зэрэг эмгэгүүдийг үүсгэдэг. Өөрөөр хэлбэл даралт ихсэлт нь өөрөө өвчин эмгэг байхаас гадна бусад өвчнийг нөхцөлдүүлж өгдөг бас нэгэн хүчин зүйл болдог. Цусны даралт 120/80  байх нь хэвийн хэмжээ.

Уг хэмжээ нь ихэсээд ирэхээр эргээд судсыг хатууруулж, зүрхний хэмжээг томруулж, буцаагаад зүрхний цусан хангамжийг багасгаж зүрхний дутагдалд хүргэдэг. Энэ эмгэг монголчуудын дунд 27.3 хувийн тархалттай байна. Манай оронд 45-аас дээш насны хоёр эрэгтэй тутмын нэг нь, 25-аас дээш буюу насанд хүрэгчдийн гурван хүн тутмын нэг нь даралт ихтэй байна. Өнөөдөр цусны даралт ихэссэн хүнгүй айл ховор болжээ. 

-Цусны даралт ихсэхэд голдуу ямар хүчин зүйлс нөлөөлж байна вэ, үүнээс сэргийлэх боломж бий юу? 

-Гол шалтгаан нь цусны даралтыг нөхцөлдүүлэгч хүчин зүйл болох давс, архи, тамхи, хөдөлгөөний дутагдал юм. Монголчуудын хэрэглээний онцлогтой шууд холбоотой гэж ойлгож болно. Манайхаас өөр дэлхийн хаана ч байхгүй онцлогтой давс. Монголчууд давстай сүүтэй цай ууна, цайндаа баншаа хийнэ. Банш нь хүртэл давстай. Мэдээж давсыг битгий хэрэглэ гэж хориглохгүй, зохистой хэрэглээ чухал. Давс усыг өөртөө татдаг натри гэх элементтэй. Усыг татахаар шингэн эзэлхүүнийг ихэсгээд даралт улам ихэсдэг. Огт давс хэрэглэхгүй байвал шээсийг хөөж гаргах хүчин зүйл нь байхгүй болчихно. Тийм учраас давсны зохистой хэрэглээ буюу нэг хүн өдөрт 5 грамм давс хэрэглэх ёстой.  5 грамм гэдэг маань хоолонд нэмж байгаа давсны хэмжээ биш, талх, будаа зэрэг бүхий л төрлийн хүнсний бүтээгдэхүүнд агуулагдах давсны хэмжээ юм.  

Тамхи судсыг гэмтээдэг. Хүн тамхины утаагаар амьсгалснаар тамхины бүтцэнд байгаа хорт бодисууд судасны ханыг гэмтээж, судасны хатуурлыг үүсгээд зогсохгүй зүрх судасны өвчнийг үүсгэдэг. Архины хувьд ямар ч тэжээллэг чанар байхгүй атлаа маш их калоритой. Архийг хэрэглэхэд тухайн үедээ судас тэлж байгаа мэт санагдах боловч архи нь гарахад төдий чинээ тэлсэн хэмжээгээрээ агшина. 

Дээрээс нь хөдөлгөөн. Өнөөдөр хөдөлгөөний дутагдлын улмаас нас барж байгаа хүн ам дэлхийн нас баралтын 4-т жагсаж байна. Хөдөлгөөнд бас зөв зохистой хэрэглээ гэж бий.  Нэг өдөр гэнэт ухаан орсон юм шиг зааланд өдөржингөө дасгал хийх нь хөдөлгөөн биш юм. Хөдөлгөөнөө тогтмолжуулах хэрэгтэй. Ядаж өдөр болгон 30 минут тогтмол алхаад сурчих хэрэгтэй. Монгол хүний  нэг тийм араншин бий. Ойлгоод эхний гурван өдөртөө хэрэгжүүлээд, 4, 5 дахь өдрөөс  орхичихдог тэгээд мартдаг. Тогтмол хөдөлгөөнийг хүн бүр өөрийнхөө амьдралын хэмнэл, хэвшил болгох нь зайлгүй чухал юм. 

- Нэг үеэ бодвол иргэн бүр гэртээ даралтны аппараттай болж, даралтаа өөрөө хэмждэг болжээ. Тэгвэл иргэд даралтаа хэмжихдээ юун дээр анхаарах ёстой вэ? 

-Цусны даралт ихсэлтийг оношилно, илрүүлэх нь хамгийн энгийн, мөн хамгийн зардал багатай. Хүмүүс өөрсдөө гэртээ даралтаа зөв хэмжээд сурчих юм бол ердөө л даралтны аппарат, зөв хэмжихээ анхаарах  гэсэн хоёр үйлдэлтэй. Даралтаа зөв хэмжихийн тулд юуг анхаарах ёстой вэ гэхээр даралт хэмжихээс 30 минутын өмнө кофе, ямар нэгэн энержи болон хийжүүлсэн ундаа уухгүй байх, тамхи татахгүй байх, давсгаа сулласан байх хэрэгтэй. Гадуур гүйж гүйж орж ирэнгүүт даралтаа хэмжиж болохгүй. 5-10 минут тайван суух хэрэгтэй. Дараа нь даралтаа хэмжихдээ хоёр хөлийн улыг газарт сайн нааж, нуруугаа тэгшилж, гэдсээ нугалахгүй сууна. Гэдсээ нугалбал даралт өндөр байна. Цусны даралт ихсэлтийн оношилгоо нь зөв хэмжилтээс эхэлдэг. Иргэдийн дунд даралтаа буруу хэмжснээс болж  эм уухгүй үедээ эм уух, эм уух ёстой байтал уухгүй тохиолдолууд их гардаг. Даралтын аппаратны манжет бугалганы хэмжээтэй яг тохирч байх ёстой. Багадаад эсвэл томдоод байвал таны даралтны тоон хэмжээ буруу гарна гэсэн үг. 

Байрлалаа зөв олж, зөв суух нь чухал. Хэмжиж байх үедээ ярих, гараа хөдөлгөх, хөлөө ачиж суух зэргээс янз бүрийн үйлдэл хийх нь хэмжилтийг буруу заадаг. Тэгэхээр ийм энгийн зүйлсийг хийгээд сурчих юм бол хэмжилт зөв хийгдэнэ. 

Даралт ихсэх өвчин нь бусад эрхтэнг гэмтээдэг. Хамгийн түрүүнд гэмтдэг эрхтэн бол тархи, бөөр, нүд, зүрх. Энэхүү дөрвөн эрхтэнг анагаах ухаанд бай эрхтэн гэж нэрлэдэг. Тэгэхээр эдгээр эрхтэн цусны даралтаас болж гэмтсэн үү, үгүй юу гэдгийг эмч нар шинжилгээгээр тогтоодог. 

Зарим хүмүүс шинжилгээгээ өгчихөөд эмч дээр ирж, нэг шинжилгээгээр өөртөө онош тавиулах гээд байдаг. Гэтэл бид тухайн хүнийг бүрэн дүүрэн оношилохын тулд олон талаас нь  шинжилж байж зөв оношыг нь тавьж, тэрэн дээрээ үндэслээд тохирсон эмийг нь бичиж өгөх хэрэгтэй байдаг. Тийм учраас нэгэнт эмч дээр ирж л байгаа юм бол тухайн хүн өөрийнхөө төлөө бага зэрэг тэвчээр гаргаж цаг заваа зарцуулж, эмчдээ үнэн зөв мэдээллээ өгөх хэрэгтэй. Даралт ихтэй хүмүүс нэгэнт эмээ уугаад эхэлсэн л бол эмээ насан туршдаа уудаг юм.

Манай монголчуудын бас нэгэн гаргадаг алдаа нь даралт нь ихсэхээр эм ууна. Буурахаар нь хаячихна. Байж байснаа буцаагаад ихэсэхээр нь эмээ дахин ууна. Энэ нь хамгийн аюултай. Даралтыг хурдан буулгах тусам буцаад өгсөхдөө эрхтнийг хурдан гэмтээж байдаг. Тийм учраас эмчийн заавраар, зөв тохирсон эмээ тогтмол уух нь чухал. Дорж гуайд тохирсон эм Самбуу гуайд тохирохгүй ээ. Тийм учраас эмийг сургаар огт ууж болохгүй. Даралт ихсэлтийн олон механизм байдаг учраас эмч танд тохирсон эмийг бичиж өгөх болно. Тийм учраас хяналтаа зөв хийлгээрэй гэж хэлмээр байна.