Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/18-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Чинбүрэн: Хими эмчилгээний тасаг Б.Равдан агсны нэрэмжит болж байгаа нь бидний үүрэг хариуцлагыг нэмэгдүүлж байна

С.Бадрал, iKon.mn
2018 оны 5 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хавдар Судлалын Үндэсний Төвийн Хими эмчилгээний тасгийг анагаах ухааны дэд доктор, хорт хавдрын хими эмчилгээний болон мэс заслын их эмч Б.Равдан агсны нэрэмжит тасаг болгох дурсгалын самбарыг өчигдөр байрлуулав. Тус тасгийг үүсгэн байгуулагчдын нэг тэрээр хорт хавдрын сэдвээр хамгаалсан Монголын анхны эрдэмтэн,  хорт хавдрыг эмээр эмчлэх аргыг анх удаа клиникийн практикт нэвтрүүлж, улмаар хавдрын хими туяаны эмчээр нарийн мэргэшсэн юм.

Түүнчлэн 2007 онд түүний хэвлүүлсэн “Хорт хавдрын хими эмчилгээ” нэртэй ном нь  энэ сэдвээр  төрөлх хэл дээр гарсан анхны бүтээл тул хавдар судлаач эмч, багш, эмнэлгийн бусад ажилтан ба оюутнуудын гарын авлага болдог. 

Одоо гавьяаныхаа амралтыг эдэлж байгаа их эмч Г.Бямбаа: “1970-аад онд Равдан эмчийгээ дагалдан суралцаж, салбартаа тэргүүлж ирсэн ахмад, дунд үеийн олон эмч бий. Тэд маань өнөөдөр залуу үеээ бэлтгэсэн. Бид бүхний хувьд өнөөдөр тасаг маань Б.Равдан эмчийн нэрэмжит болж байгаа нь нүдээ олсон хэрэг гэж бодож, бахархаж байна” гэв.

ХСҮТ-ийн ерөнхий захирал Ж.Чинбүрэн /PhD/: ”Анх 50 орчим жилийн өмнө есөн ортой нээгдэж байсан хими эмчилгээний тасаг өнөөдөр тус эмнэлгийн өргөтгөлийн хоёрдугаар давхрыг бүхэлд нь хамран өргөжиж, орчин цагийн оношлогоо, эмчилгээний чанартай үйлчилгээг үзүүлэхээр багаараа амжилттай ажиллаж байна. Энэ үед хавдрын гурван тулгуур эмчилгээний нэг болох хими эмчилгээний тасаг Б.Равдан агсны нэрэмжит болж байгаа нь бидний энэ үүрэг хариуцлагыг нэмэгдүүлж байна гэж ойлгож байна” гэсэн юм. 

Дурсгалын самбар байрлуулсны дараа Б.Равдан агсны гэр бүл, үр хүүхдүүд нь хоёр ортой эмчилгээний тасаг тохижуулснаа хүлээлгэн өгч, 2018 оноос эхлэн жил бүр аавынхаа нэрэмжит шагнал болох өргөмжлөл, 500 мянган төгрөгийг тасгийн шилдэг туслах ажилтанд олгохоор болсноо мэдэгдэв.  

Гэрэл зургийг mpa.mn
Гэрэл зургийг mpa.mn
Гэрэл зургийг mpa.mn
Гэрэл зургийг mpa.mn
Гэрэл зургийг mpa.mn
Гэрэл зургийг mpa.mn
Гэрэл зургийг mpa.mn
Гэрэл зургийг mpa.mn