Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/18-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын эдийн засгийн VIII чуулганы ХҮЛЭЭЛТ

Б.Жаргалмаа, IKON.MN
2018 оны 5 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг МПА.мн

Монголын Давос буюу төр, хувийн хэвшлийн индэр болгох зорилгоор 2010 онд анх зохион байгуулсан Монголын эдийн засгийн чуулган найм дахь удаагаа болох гэж буй.

Өнгөрсөн 2017 онд завсарласан Эдийн засгийн чуулган энэ удаа багагүй хүлээлт үүсгээд байна. 

Чуулганыг зохион байгуулж буй CEO клубийн ерөнхийлөгч Ч.Ганхуягийн хэлсэнчлэн өнгөрсөн долоон удаагийн чуулганы хамгийн гол үр дүн бол гадаа гудамжинд жагсаж, тэмцэх бус төр, хувийн хэвшил танхим дотор нэгдэж суугаад асуудлаа ярьдаг болсон явдал. Тэгвэл У.Хүрэлсүхийн толгойлсон Ардын засаг чуулганыг “Хүчээ нэгтгэе” уриан дор зохион байгуулж байгаа нь энэ Засгийн газрын том амжилт болохыг Ч.Ганхуяг онцолсон. Үнэхээр төрийн байгууллага хүнд суртлаа ардаа орхиж, баялаг бүтээгчдээ чин сэтгэлээсээ сонсох цаг ирсэн. Харин энэ хэрэгцээг Эдийн засгийн чуулган хангана гэсэн хүлээлт байна. 

Энэ удаагийн чуулган ямар ч улстөржилтгүй болно гэдгийг зохион байгуулагчид тодотгосон. Төр энэ хоёр өдөрт иргэд, баялаг бүтээгчдээ зөвхөн сонсох нь. Мөн энэ удаагийн чуулганд анх удаа 18 аймгийн Засаг дарга оролцоно. Орон нутгийн удирдлагууд ч бизнесийнхнийг сонсох нь. 

Энэхүү чуулганы өгөөж муутай байдгийн нэг шалтгаан нь төрийн байгууллагуудын идэвхгүй оролцоотой холбоотой гэж болно. Хэн нэгэн дарга үг хэлчихээд гараад явчихдаг, өнөөх хувийн хэвшлийнхэн асуудлаа өөр хоорондоо хэлэлцээд дуусдаг байсан нь нууцгүй. Тэгвэл энэ удаагийн чуулганаар төр хамгийн идэвхтэй байж, 12 салбар хуралдаанд оролцож, тодорхой шийдлүүдийг гаргаж, хурлын төгсгөлд санамж бичиг ч үзэглэхээр төлөвлөж байгаа аж. Төрийн байгууллагуудын идэвх, оролцоо тийм хэмжээнд байх шаардлагатай гэдгийг Америкийн худалдааны танхимын буюу АмЧамын гүйцэтгэх захирал О.Адьяа сануулсан. 

Нийгэмд хамгийн өндөр хүлээлт үүсгэж буй Татварын шинэчлэл, Эдийн засгийн гурван тулгуурт хөгжлийн бодлог зэргээс гадна Аж үйлдвэрийн IV хувьсгал зэрэг сэдэв энэ удаагийн хурлаар яригдана. Ялангуяа, уул уурхайн компаниудын хувьд гаднын Хөрөнгийн бирж дээрх арилжаанд тулгуурлан татвар ногдуулах, тусгай зөвшөөрлийн асуудал, ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжиж байгаатай холбоотойгоор уул уурхайн үйл ажиллагаанаас татварт орж ирж буй мөнгө орон нутгийн иргэдэд хүртэхгүй байгаа зэрэг олон асуудал тулгамдаад байгаа тул Татварын тухай хуулийн талаар хэлэлцэж, тодорхой шийдэл гарах хүлээлттэй байгаагаа MIBG үнэт цаасны хөрөнгө оруулалтын компанийн гүйцэтгэх захирал А.Билгүүн дурдсан. 

“Эрдэнэс Тавантолгой”-н 1,072 хувьцааг эргэлтэд оруулах тухай эд ярьж байгаа энэ үе Эдийн засгийн чуулгантай цаг хугацааны хувьд давхцаж байгаа нь бүр ч найдлага төрүүлж байна. “Эдийн засгийн чуулган дээр Г.Занданшатар сайд тодорхой шийдвэрүүдийг зарлаж, ард түмний дунд эргэлзээ төрүүлдэг олон асуудлын зангилааг тайлна гэж зорьж, ажиллаж байгаа. Чуулганд бүх яамдын сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нар орсон байгаа. 

МҮХАҮТ бизнесийнхнээ, манай CEO клуб том бизнесийнхнээ дагуулж оролцоно. Бид чуулганаар гоё сюрпризүүдийг ард түмэндээ барина гэж бодож байгаа. Төр, хувийн хэвшил хүчээ нэгтгээд ажилласнаар ийм үр дүнд хүрч чадаж байна гэдгийг Монголд биш, дэлхий нийтэд зарлах боломж гарна” хэмээн CEO клубийн ерөнхийлөгч Ч.Ганхуяг Ikon.mn-д өгсөн ярилцлагадаа дурдсан. Тийм ч учраас энэ удаагийн Эдийн засгийн чуулган өндөр хүлээлттэй байна.