Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/18-НД НИЙТЛЭГДСЭН

П.Ганхүү: Хугацаа нь тулсан томоохон ажлуудыг нугалах, шинэчлэлүүдийг хийхдээ шуурхай, хариуцлагатай ажиллана

Б.Ану
2018 оны 5 сарын 18
iKon.MN

"Эрдэнэс Монгол" ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөл энэ сарын 16-нд хуралдаж тус компанийн гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогтыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, П.Ганхүүг шинээр томилсон тухай бид мэдээлсэн. 

П.Ганхүү нь эрчим хүчний эдийн засагч мэргэжилтэй. 1997 онд МУИС-ийн Эдийн засгийн сургууль төгсөж, Япон Улсын Сэншүгийн Их Сургуульд эдийн засгийн магистр, Австралийн Сиднейн их сургуульд мастер хамгаалсан бөгөөд 2016 онд Эрчим хүчний сайдаар томилогдон ажиллаж байсан юм.

Тэгвэл өнөөдөр ажлаа хүлээн авсан П.Ганхүү шинэ ажлын хамт олонтойгоо уулзаж хэрхэн ажиллах талаараа санал бодлоо хуваалцсан байна. 

 

Энэ үеэр ажлаа өгсөн Ц.Түмэнцогт “Эрчим хүчний салбарын сайдаар ажиллаж байсан  туршлагатай хүн энэхүү албанд томилогдож байгаад олзуурхаж байна” гээд стратегийн үнэ цэнэтэй төслүүдийг Монголын ард түмэнд өгөөжтэй, хүртээмжтэйгээр хөгжүүлэх хариуцлагатай үүрэг хүлээж авч байгаад нь баяр хүргэж амжилт хүссэн бол шинээр томилогдсон Гүйцэтгэх захирал П.Ганхүү өндөр боловсролтой туршлагатай хүнээр ахлуулсан “Эрдэнэс Монгол”-ын удирдлагын баг өнгөрсөн жилүүдэд үйл ажиллагаандаа шинэ арга барил нэвтрүүлэн амжилттай ажилласныг онцолж төрийн эзэмшлийн томоохон компаниудыг хөгжүүлэх энэ хариуцлагатай албанд хичээж зүтгэж ажиллахаа илэрхийлжээ. 

 

П.Ганхүү “Монголын эдийн засгийн гол суурь хөшүүрэг болсон энэ компанийн хамт олон мэргэжилтнүүдийн мэдлэг чадварт итгэдэг” гээд  цаг хугацаа нь тулсан томоохон ажлуудыг нугалах, томоохон шинэчлэлүүдийг хийхэд цаашид шуурхай, хариуцлагатай ажиллах учиртайг онцолсон байна. 

“Эрдэнэс Монгол” компани Ц.Түмэнцогтоор удирдуулсан өнгөрсөн жил хагасын хугацаанд анх удаа ашигтай ажилласан бөгөөд 2017 оны гүйцэтгэлээр улсад  278.5 тэрбум төгрөгийн татвар хураамж төвлөрүүлж, 481.8 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ.    

Мөн хуримтлагдсан өр төлбөрийн асуудлыг шийдэн, олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлсэн бөгөөд "Таван Толгой"-н 1,072 хувьцааг бүртгэлжүүлсэн, экспортын нүүрс тээвэрлэлтийг нэмэгдүүлж чадсан талаар компаниас мэдээллээ. 

Өнөөдрийн байдлаар “Эрдэнэс Монгол” нь:

  • “Эрдэнэс Таван толгой” ХК, 
  • “Эрдэнэс Оюу толгой” ХХК, 
  • “Багануур”” ХК, 
  • “Шивээ Овоо” ХК, 
  • “Мон-Атом” ХХК, 
  • “Эрдэнэс Шивээ Энержи” ХХК, 
  • “Эрдэнэс Метан” ХХК, 
  • “Эрдэнэс Ассет менежмент” ХХК
  • “Эрдэнэс алт ресурс” ХХК-иудын 50 буюу түүнээс дээш хувийн хувьцааг эзэмшиж байна. 

Мөн “Оюу толгой” ХХК-ийн Монголын талын 34 хувийг өөрийн охин компаниар дамжуулан эзэмшиж,  Таван толгой -Гашуун сухайт чиглэлийн автозамын ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан ажилладаг “Гашуун сухайт авто зам” ХХК-ийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн үндсэн дээр байгуулан ажиллуулж байна.    

“Өнгөрсөн хугацаанд энэхүү нэгдлийн хэмжээнд үйл ажиллагааны үр ашгийг сайжруулах,  компанийн тогтвортой үйл ажиллагааг урт хугацаанд хангах, бизнесийн зарчмаар ажиллах нөхцөлийг бүрдүүлж, компанийн зээлжих зэрэглэлийг ахиулсан нь  томоохон эргэлт байсан. 

“Эрдэнэс Монгол” нэгдлийн хэмжээнд бизнес санхүүгийн тайлагналыг олон улсын стандартын түвшинд гаргадаг болсон төдийгүй чанарын иж бүрэн удирдлагыг нэвтрүүлж эхэлсэн, компанийн засаглалыг сайжруулсан, компанийн стратегийг шинэчлэн боловсруулж, нэгдлийн хэмжээнд хүний нөөцийн стратеги болон нягтлан бодох бүртгэлийн  бодлогын баримт бичигтэй болсон, удирдлага  хүний нөөцийн чадавхийг дээшлүүлсэн  гээд хийж хэрэгжүүлсэн олон анхдагч ажлууд нь уул уурхайн менежментийн шинэ түүхийг эхлүүлсэн юм” гэж “Эрдэнэс Монгол” ХХК мэдээлжээ. 

Ц.Түмэнцогт захирлыг чухам ямар шалтгаанаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь одоогоор тодорхойгүй байна. “Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин компани болох “Эрдэнэс Таван Толгой”-ийн гүйцэтгэх захирал болох Д.Ариунболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөөд  "Эрдэнэс алт ресурс" компани байгуулагдаж захирлаар нь томилоод удаагүй байна. 

Шинээр засгийн газар солигдох бүрт төрийн компанийн захирлуудыг солих нь бараг соёлын хэмжээнд очжээ. Хэдийгээр дээрх үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн захирлууд бүгд компаниа ашигтай ажиллуулсан гэсэн ч ажлаас нь яагаад чөлөөлөх болсон нь тодорхойгүй хэвээр байгаа юм.