Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/18-НД НИЙТЛЭГДСЭН

Марияана Дахан: Блокчейн нь санхүүгийн процессыг хялбаршуулж өгч байгаа технологи юм

А.Намуун, iKon.mn
2018 оны 5 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Дэлхийн нийтээр тоон технологийг нийгмийн бүх салбарт нэвтрүүлэх, мэдээлэл харилцаа холбооны технологид суурилсан үйлдвэрлэл үйлчилгээг нэмэгдүүлэх чиг хандлагыг баримталж байна. Манай улс ч мөн адил дэлхийн жишгээр тоон технологийг нэвтрүүлэх төрийн үйлчилгээг боловсронгуй болгох талаар олон улсын туршлагаас хуваалцаж буй.

“Ухаалаг засаг” төслийн хүрээнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас хамтран “Дижитал шилжилт болон блокчейн технологи”  сэдэвт семинарыг хоёр өдрийн турш зохион байгууллаа. 

Тус семинар нь цахим засаглалыг хөгжүүлэх дижитал шилжилтийг хэрэгжүүлэхэд чухал түлхэц үзүүлэхийн зэрэгцээ блокчейны талаарх мэдлэг мэдээллийг зузаатгах ач холбогдолтой аж.

"Блокчейн нь төвлөрсөн бус, өндөр түвшинд хамгаалагдсан, олон хүнд нээлттэй технологи"
 
Гэрэл зургийг mpa.mn

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбат "Энэхүү семинараар бид аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын гол түлхүүр болох Блокчейн технологийг Монгол Улсад хэрхэн нэвтрүүлэх талаар ярилцаж байна. Мөн гадны улс орноос энэ чиглэлийн туршлагатай экспертүүд ирж Монголд энэ технологийг хэрхэн нэвтрүүлэх талаар ярилцаж, туршлага солилцож байна. 

Блокчейн нь төвлөрсөн бус, маш өндөр түвшинд хамгаалагдсан, олон хүнд нээлттэй технологи юм. Энэхүү технологийг зарим орнууд бүртгэлийн үйл ажиллагаандаа ашиглаж байна. Жишээ нь, Украйн улс үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн системдээ блокчейн технологийг ашиглаж эхэлж байгаа гэлээ. Тиймээс Монгол Улсад ч мөн үл хөдлөх, банк санхүүгийн байгууллагуудад блокчейн технологийг ашиглах боломжтой юм.

Түүнчлэн, Монгол Улсын Засгийн газраас цахим засаглалыг хөгжүүлэх, ухаалаг, хялбар төрийн үйлчилгээг бий болгоход анхаарч томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхлээд байна. Тухайлбал, төрийн мэдээлэл солилцооны “ХУР” системийг хөгжүүлж цаасгүй технологи, цаг зав хэмнэсэн үйлчилгээг иргэдэд үзүүлж байна.

Одоогийн байдлаар ХУР системд төрийн 27 байгууллага нэгдэж иргэдэд түргэн шуурхай үйлчилгээ үзүүлж байна. Мөн хувийн хэвшил, бизнесийн байгууллагууд ХУР системийг үйлчилгээндээ нэвтрүүлж эхлээд байна.

Цаашид төрийн үйлчилгээг цахимжуулах, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Цахим бодлогын түр хороо” байгуулах асуудлыг УИХ хэлэлцэх гэж байна. Мөн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсаны дагуу цахим засгийг хөгжүүлэх, тоон технологийг нэвтрүүлэх замаар төрийн үйлчилгээг иргэн төвтэй хэлбэрт шилжүүлэхээр зорин ажиллаж байна" гэлээ.

"Монголд блокчейн технологийг эмнэлгийн байгууллагын системд нэвтрүүлэх хэрэгтэй"
 

Солонгосын Блокчейн Үйлдвэрлэлийг Дэмжих Ассоциацийн бодлогын газрын дарга Ким Чеол Хван "Солонгост манай байгууллагын зүгээс блокчейны үйлдвэрлэлийг хөгжүүлэх туршилтын цөөнгүй төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн.

Жишээ нь, усан тээвэрлэлтийн үйлчилгээнд өнгөрсөн жилээс эхлэн энэхүү технологийг нэвтрүүлсэн. Одоогоор маш амжилттай явж байгаа. Дараа жилээс эхлэн сонгуулийн ажиллагаанд блокчейн технологийг нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Түүнчлэн, Солонгос хүмүүсийн хувьд махны асуудал маш чухал байдаг. Өвс, ургамал идсэн үхрийн мах хэрэглэж байгаа эсэхэд хэрэглэгчид эргэлздэг бөгөөд итгэлцлийг бий болгоход блокчейн технологи ашиглаж болох юм.

Монголын хувьд энэ технологийг эмнэлгийн байгууллагын системд нэвтрүүлбэл хэрэгтэй гэж үзэж байна. Шууд том салбар луу орохгүй, эхлээд яамны үйл ажиллагаа зэрэгт нэвтрүүлж багаас эхлэх хэрэгтэй" гэв.

 "Блокчейн нь хүмүүс хоорондын харилцаанд чухал хэрэгсэл болсон байна"
 
Гэрэл зургийг mpa.mn

Блокчейн технологийн ач холбогдолын талаар World Identity Network-ийн үүсгэн байгуулагч Марияана Дахан "Тоон эдийн засагт блокчейн нь хүмүүс хоорондын харилцаанд чухал хэрэгсэл болсон байна. Блокчейн технологид суурилсан аливаа гүйлгээний бүртгэл нь нэг газарт биш олон хэрэглэгчийн компьютерт бий болсноор систем нь өөрөө найдвартай, аюулгүй, ил тод, тунгалаг болж байдаг. Нэг ёсондоо санхүүгийн процессыг хялбаршуулж өгч байгаа технологи юм" хэмээн тайлбарлалаа.

Семинарт УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбат болон яам агентлагийн удирдлагууд, эрдэмтэн судлаачид, Блокчейн технологи нэвтрүүлсэн Азийн орны төлөөлөл оролцлоо.