Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/18-НД НИЙТЛЭГДСЭН

Бага насны хүүхдээ харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг зөвлөлөө

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 5 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Энэ долоо хоногийн замын хөдөлгөөний болоод осол, хэргийн нөхцөл байдлыг Замын цагдаагийн албанаас танилцууллаа.

2018.05.14-17-ний өдрүүдэд нийслэл хотын хэмжээнд Замын цагдаагийн алба нийт 1,135 дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс зам тээврийн ослын 768 дуудлага бүртгэгдсэн бөгөөд ослын улмаас нийслэлд 51 хүн гэмтэж бэртжээ. Үүний 10 нь бага насны хүүхэд тэр дундаа явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцож байхдаа осолд өрстөн байна. Осолд өртсөн хүүхдийн 7 нь ганцаараа явж байсан бол 3 нь эцэг, эхийн хамт явж байсан. 

Орон нутгийн замд зам тээврийн ослын улмаас 1 хүний амь нас хохирчээ. Тухайлбал Төв аймгийн Сэргэлэн сумын 2-р багийн нутаг “Долоон уул” гэх газар Улаанбаатараас Дундговь явах замын 65 км-ээс хойш 200 метрт асфальтан замд T.Land Cruiser-100 Э жолоочтой автомашин онхолдож зорчигч Э нь /45 нас.эр/ нас барсан хэргийг Төв аймгийн Цагдаагийн газарт шалгаж байна. 

Алба хаагчдаас гудамж замд хяналт шалгалт хийж ажиллахдаа хулгайн эд зүйл тээвэрлэж явсан хэргийг мөн гэмт хэрэгт сэрдэгдсэн 8 этгээдийг илрүүлэн харъяа Цагдаагийн хэлтэст хүлээлгэн өглөө. 

Цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 126 зөрчлийг илрүүлсэн бөгөөд тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, жолоодох эрх нь дуусгавар болсон үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 27 жолоочид шүүхээр 7-30 хоног баривчлах шийтгэл оногдуулсан байна. 

Нийт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг үйлдэгдсэн хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 29 осол, мөргөлдөх хэлбэрээр 30 осол тус тус бүртгэгдсэн бөгөөд нийт бүртгэгдсэн ослыг өмнөх 7 хоногтой харьцуулахад зам тээврийн ослын дуудлага 1.9 хувиар, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 10 хувиар тус тус буурсан бол гэмтсэн хүний тоо 34,2 хувиар, хүүхэд өртсөн осол 25 хувиар өссөн үзүүлэлттэй байна. 

Урин дулааны цаг, төгсөлтийн баяр, сургууль, цэцэрлэгийн амралт давхцаж байгаа энэ үед бага насны хүүхэд зам тээврийн осолд өртөх тохиолдол бүртгэгдсээр байна.

Энэ оны эхний 4 сарын байдлаар нийслэл хотын хэмжээнд зам тээврийн осолд 218 хүүхэд өртөж, 2 хүүхдийн амь нас хохирч, 18 хүүхэд хүнд байдлаар гэмтжээ.

Нийслэлд явганаар замын хөдөлгөөнд оролцож осолд өртсөн 12 хүртэл насны хүүхдийн 40.0  хувь нь насанд хүрсэн харгалзах хүнтэй замын хөдөлгөөнд оролцсон бол 50.0 хувь нь харгалзах хүнгүй ганцаараа, 10.0 хувь нь насанд хүрээгүй найз, ах, эгч дүү нартайгаа замын хөдөлгөөнд оролцож байсан байна. 

Бага насны хүүхэд нь гараас мултарч гүйх буюу гэрэл зөрчөөд явчихдаг гэдгийг санахад илүүдэхгүй. Эцэг эхтэйгээ хамт явж байхад хийсэн үйлдэл бүхэн нь зөвшөөрөгдөх мэт, хэрэв тухайн үед юу ч тохиолдоогүй бол дахин тэр замаар явахад бүх зүйл тийм л байх юм шиг бодох төдийгүй аав, ээжүүдийн хийсэн үйлдлийг ямагт зөв гэж үзэж, хүүхэд дахин давтах нь элбэг байдаг.

Иймд эцэг эх, жолооч та бага насны хүүхдээ харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, тэдэнд тавих хараа хяналтаа сайжрууулж,  замын хөдөлгөөнд аюулгүй зөв оролцох мэдлэг, дадлыг тогтмол хэвшүүлж байхыг Замын цагдаагийн албанаас зөвлөж байна.