Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/18-НД НИЙТЛЭГДСЭН

2018 оны Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох орнуудыг ДНБ-ээр нь өрсөлдүүлбэл…

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 5 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Хөл бөмбөгийн спорт болон мөнгөний хэмжээ хоёр хоорондоо хамааралтай юу?

Дэлхийд хамгийн олон үзэгчтэй энэ спортын нэр хүндтэй клубүүд олон тэрбумын үнэлгээтэй байдаг. Тэгвэл ирэх сарын 14-нд ОХУ-д эхлэх Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцогч 32 орныг үндэсний Дотоодын Нийт Бүтээгдэхүүнээр нь эрэмбэлснийг үзнэ үү.

  1. Япон $4.8 их наяд

Дэлхийд зөвхөн АНУ, Хятадын дараа ордог том эдийн засагтай орон. Шигшээ баг нь 1998 оноос хойш тогтмол ДАШТ-д оролцож байгаа.

  1. Герман $3.6 их наяд

Европын хамгийн хүчирхэг эдийн засагтай энэ орны шигшээ баг дөрвөн удаа дэлхийн аварга болоод байгаа. Хамгийн сүүлд 1978 онд тэд шигшээ наймд шалгарч чадаагүй юм.

  1. Франц $2.5 их наяд

Олон шилдэг хөлбөмбөгчдийн эх орон Франц 1998 онд дэлхийн аварга болж байв. Тэд энэ зун юм дуулгах багуудын тоонд бас орж байна.

  1. Бразил $2.05 их наяд

Өмнөд Америкийн хамгийн тод эдийн засагтай энэ оронд бүх цаг үеийн шилдэг тоглогч Пеле төрсөн. Дэлхийн цомыг таван удаа хүртээд байна.

  1. Өмнөд Солонгос $2.03 их наяд

Азийн хүчирхэг эдийн засагтай энэ орон ДАШТ-д 10 удаа оролцож, тивдээ тэргүүлдэг. 2002 онд шөвгийн дөрөвт үлдсэн нь хамгийн том амжилт юм.

  1. Англи $2.02 их наяд

1966 онд дэлхийн аварга болж байсан Англичууд сүүлийн хэд хэдэн ДАШТ-д бүтэлгүйтсээр байгаа. Энэ удаа ядаж шөвгийн наймд шалгарах зорилготой байна.

  1. Иран $1.6 их наяд

Ираны шигшээ баг 2014 оноос хойш Азид чансаагаараа тэргүүлж байна. ДАШТ-д нийт 5 удаа оролцож байгаа.

  1. ОХУ $1.5 их наяд

Энэ удаагийн ДАШТ-ийг 11 хотдоо зохион байгуулж байна. Нутагтаа болж байгаа тэмцээнд амжилт гаргах зорилготой.

  1. Австрали $1.37 их наяд

ДАШТ-д тав дахь удаагаа оролцож байна. Австралийг хөлбөмбөгийн ертөнцөд “Socceroos” гэж имжний нэртэй адилтган хочилдог.

  1. Испани $1.3 их наяд

Нийт 20 ДАШТ-ий 14-т нь оролцож байсан Испаничууд 2010 онд аварга болж байжээ.

  1. Мексик $1.1 их наяд

1986 оны ДАШТ-ийг зохион байгуулж байсан Мексикчүүд 1994 оноос хойш хэсгээсээ тогтмол шалгарч байгаа.

  1. Саудын Араб $683 тэрбум

Азийн шилдэг хөлбөмбөгчидтэй Саудын шигшээ баг энэ жил Орос, Египет, Уругвайтай нэг хэсэгт таараад байна.

  1. Швейцарь $678 тэрбум

Нарийн хийцтэй, чамин бараа бүтээгдэхүүнээрээ алдартай Швейцарьчууд ДАШТ-д гурван удаа шигшээ наймд шалгарчээ.

  1. Аргентин $637 тэрбум

Энэ жил тэд 17 дахь удаагаа ДАШТ-д оролцох гэж байна. 1978, 1986 онуудын дэлхийн аварга баг юм.

  1. Швед $538 тэрбум

Өнөөдрийг хүртэл 11 ДАШТ-д оролцоод байгаа. 1958 онд аваргын төлөө Пелегийн багтай өрсөлдсөн нь тэдний хамгийн дээд амжилт юм.

  1. Польш $526 тэрбум

2006 оноос хойш анх удаа ДАШТ-д шалгарч байгаа зүүн Европын томоохон эдийн засагтай орон.

  1. Бельги $494 тэрбум

1986 оны ДАШТ-д дөрөвдүгээр байрт шалгарсан нь тэдний хамгийн том амжилт.

  1. Нигери $494 тэрбум

Африк тивдээ хүчирхэг эдийн засагтай энэ орны шигшээ баг сүүлийн долоон ДАШТ-ий зургаад нь оролцоод байна.

  1. Дани $376 тэрбум

Тав дахь удаагаа ДАШТ-д оролцож байгаа Даничууд 1998 онд шөвгийн наймд шалгарсан амжилтаа давтах хүсэлтэй.

  1. Колумби $309 тэрбум

2018 оны ДАШТ-д тэд Жэймс Родригес, Радамел Фалькао, Дэвид Оспина зэрэг шилдэг тоглогчидтой оролцох гэж байна.

  1. Египет $237 тэрбум

Энэ орны шигшээ өнөөдрийн хамгийн шилдэг тоглогчдын нэгт тооцогдож байгаа Мохамед Салахын далбаан дор амжилт үзүүлэхийг зорьж байна. 

  1. Португаль $218 тэрбум

Тэд домогт Криштиано Рональдугийн далбаан дор 2016 оны Европын АШТ-д гаргасан амжилтаа давтахыг хичээж байна.

  1. Перу $215 тэрбум

Дэлхийн хамгийн хурдтай хөгжиж байгаа орнуудын нэг Перу энэ жил анх удаа ДАШТ-д оролцох гэж байна.

  1. Мороко $109 тэрбум

Аялал жуулчлалын гол чиглэлүүдийн нэгт тооцогддог Морокогийн шигшээ баг сүүлийн 20 жилийн хугацаанд анх удаа ДАШТ-д шалгараад байна.

  1. Панама $61 тэрбум

Панамын шигшээ баг анх удаа ДАШТ-д шалгарч, хэсгийн эхний тоглолтоо Бельгитэй хийх юм.

  1. Уругвай $58.5 тэрбум

ДАШТ-д хоёр удаа түрүүлж байсан энэ орны баг Эдинсон Кавани, Луйз Суарез нартаа гол найдлага тавьж байна.

  1. Коста Рика $58 тэрбум

2014 оны ДАШТ-д шөвгийн наймд шалгарч гайхшруулж байсан энэ орны баг энэ жил ямар амжилт үзүүлэх нь таашгүй юм.

  1. Хорват $54 тэрбум

1998 онд шөвгийн дөрөвт хүрсэн дээд амжилтыг Хорватчууд үзүүлж байв.

  1. Серби $41 тэрбум

Энэ улсын шигшээ багт Манчестер Юнайтад багт тоглодог Неманя Матич зэрэг хэд хэдэн сайн тоглогч бий.

  1. Тунис $40 тэрбум

Дөрөв дэх удаагаа ДАШТ-д шалгараад байгаа Тунисчууд эхний тоглолтоо Англитай хийнэ.

  1. Исланд $23 тэрбум

ДАШТ-д оролцож байгаа хамгийн цөөн хүн амтай үндэстэн боловч тэднээс юу ч гарч болзошгүй.

  1. Сенегал $16 тэрбум

Баруун Африкийн энэ орны шигшээ баг анхны тоглолтоо Польштой “H” хэсэгт хийх юм.

 

Эх сурвалж: Business Insider