Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/18-НД НИЙТЛЭГДСЭН

НҮБ: 2050 он гэхэд дэлхийн хүн амын 70 орчим хувь нь хотод амьдарна

Ц.Даваасамбуу, Үндэсний шуудан
2018 оны 5 сарын 18
Үндэсний шуудан
Зураг зураг

НҮБ-ын Эдийн засаг нийгмийн асуудал эрхэлсэн сангийн тооцоолсноор 2050 он гэхэд дэлхийн томоохон хотуудад амьдрах хүн амын тоо 68 хувь болж, 13 хувиар нэмэгдэх хандлагатай байгаа аж. Дэлхийн хотын хүн амын тоо 1950 онд 751 сая байсан бол 2018 онд 4.2 тэрбум болж нэмэгдсэн байна. Харин одоогоор дэлхийн нийт хүн амын 55 хувь нь буюу 3.4 тэрбум орчим нь улсынхаа томоохон хотуудад амьдардаг байна.

Түүнчлэн 2030 он гэхэд дэлхийн хэмжээнд 10 гаруй сая хүн амтай 43 орчим мега хот бий болохоор байгаа юм байна. Ерөнхийдөө хүн амын шилжилт хөдөлгөөн Ази тивд хамгийн их ажиглагдахаар байгаа аж. Ази тивийн хүн амын 50, Америк тивийн 82, Европт 74 орчим хувь нь томоохон хотуудад амьдарч байна. Харин Африк тивд хүн амын 43 орчим хувь нь хотод амьдардаг байна.

Үүнээс гадна томоохон хотуудад амьдрах хүн амын тоо 2050 он гэхэд Энэтхэгт 416 сая, Хятадад 255 сая, Нигерид 189 саяар нэмэгдэх тооцоо гарчээ. Одоогоор 37 сая оршин суугчтай Токио хот хүн амын тоогоороо дэлхийн хотуудыг тэргүүлж байгаа бол Дели 29 сая, Шанхай 26 сая, Мехико, Сан Пауло хотууд 22 сая оршин суугчтай удаалж байна.Араас нь 20 орчим сая хүнтэй Каир, Мумбай, Бээжин, Дака хот жагсжээ.

Гэхдээ 2028 онд Дели хот Токиог оршин суугчийн тоогоороо гүйцэж түрүүлэх төлөвтэй байгаа аж. Хэдийгээр хотуудад суурьших хүн амын тоо нэмэгдэх төлөвтэй байгаа ч хот бүрт харилцан адилгүй байх бололтой. Тухайлбал, Японы Нагасаки, Өмнөд Солонгосын Бусан зэрэг хотын оршин суугчдын тоо сүүлийн жилүүдэд хурдацтайгаар буурах болжээ. Томоохон хотууд хүрээгээ тэлж, хүн амын тоо нь өссөнөөр олон асуудал бий болсоор байгаа юм.

НҮБ-аас хотжилт тогтворгүй бөгөөд тийм ч ашигтай шийдэл биш гэж үзэж байна. Африкийн зарим улс хүн ам ихтэй хотуудынхаа замын түгжрэл, утаа, орон байр болон нийтийн эзэмшлийн газрын хүрэлцээний асуудлыг шийдвэрлэх зорилготой “ухаалаг хот” үүсгэхээр сүүлийн жилүүдэд туршиж эхлээд буй бол Австралийн хамгийн олон хүн амтай хот болох Сидней тулгамдаж буй асуудлаа шийдэхийн тулд хотоо гурван жижиг хот болгон хуваахаар төлөвлөөд байгаа юм. “Ухаалаг хот” гэдэг нь мэдээлэл харилцаа холбооны дэд бүтцээс тогтсон тогтвортой эдийн засагтай, байгалийн баялгаа ухаалгаар зарцуулж, сэргээгдэх эрчим хүчинд тулгуурласан хотыг хэлдэг байна.

Зураг