Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/18-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын “Илон Маск” тус улсын хамгийн анхны хувийн пуужинг сансарт хөөргөлөө

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 5 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Хятадын OneSpace компани өчигдөр тус улсын анхны хувийн хөрөнгөөр бүтээсэн пуужинг сансарт хөөргөжээ.

Ингэснээр Хятад улс АНУ-ын нэгэн адил сансар судлалд хувийн хэвшлийн оролцоог дэмжиж байгаагаа харуулсан байна. Есөн метр урттай, хатуу түлшээр ажилладаг хөдөлгүүртэй, 100 кг ачаа тээвэрлэх даацтай пуужинг туршилтаар хөөргөжээ.

OneSpace компанийг үүсгэн байгуулагч Шу Чан уг пуужингаа тойрог замд найдвартай хүрэх чадвартай болсны дараа жилд 10 жижиг хиймэл дагуул хөөргөх төлөвлөгөөтэйгээ ярьсан байна. Мөн үүнтэй зэрэгцэн илүү том пуужин зохион бүтээх ажлаа үргэлжлүүлэх гэнэ.

Тэд уг пуужингаа 500 сая юаний ($78 сая) хувийн санхүүжилтээр зохион бүтээж, үйлдвэрлэж, хөөргөсөн байна. Гэхдээ OneSpace энэ хөрөнгө оруулалтын цаана хэр олон хүн, байгууллага байгааг дэлгээгүй юм.

Шингэн түлшний оронд хатуу түлш ашигласан нь пуужингийн дизайн болон үйлдвэрлэх үйл явцыг илүү хялбарчилсан байна. Мөн пуужинг хөөргөх зардлыг ч бууруулж байгаа юм.

Хэдийгээр Хятад улсын сансрын технологи амжилттай хөгжиж байгаа ч хувийн буюу арилжааны зориулалттай хиймэл дагуул хөөргөхөд хатуу ханддаг. 2017 онд Хятад улс ганцхан арилжааны хиймэл дагуул хөөргөсөн бол АНУ-ын SpaceX 12, Европын Arianspace 9 хиймэл дагуул тойрог замд хүргэжээ.

Гэхдээ OneSpace компанийн цаана Хятадын төрийн санхүүжилт, дэмжлэг байж болзошгүй гэх хардлага байгаа юм. Өөрөөр хэлбэл тус компани жинхэнэ өөрийн хүчээр дэлхий нийтийн сансрын өрсөлдөөнд орж чадах уу гэдэг асуудал нээлттэй үлдэж байна.

“Олон хүн биднийг SpaceX-тэй харьцуулдаг. Гэхдээ бидний хооронд багагүй зөрүү бий” гэж Шу Чан CNN сувагт ярьжээ.

 

Эх сурвалж: Quartz