Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/17-НД НИЙТЛЭГДСЭН

Израйлийн ерөнхий сайдын хүү Туркийн эсрэг агуулгатай зураг нийтэлжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 5 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Израйлийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяхугийн хүү Яйр өөрийн инстаграм хуудсандаа “F*ck Turkey” гэсэн агуулгатай зураг нийтэлжээ.

Газын зурваст болсон Израйль-Палестины мөргөлдөөнөөс үүдэлтэй хоёр улсын дипломат маргаанд тэр ингэж хүч нэмсэн байна.

Уг зурагтаа тэр Туркийн далбааг хувирган ашиглажээ.

Өнгөрсөн Даваа гарагт Газын зурваст болсон мөргөлдөөнд Израйлийн цэрэг нийт 60 палестин хүний амийг хороосон юм. Иерусалем хотод АНУ-ын элчин сайдын яамыг шилжүүлсэн нь палестинчуудыг ингэж тэмцэхэд хүргэжээ.

Уг явдлын дараа Турк улс Анкара дахь Израйлийн элчин сайдыг хөөж гаргасан. Мөн Израйль болон АНУ дахь элчин сайдуудаа Туркийн засгийн газар эргүүлэн татсан юм.

Израйлийн тал Туркийн эсрэг бас адил хариу арга хэмжээ авчээ.

Туркийн ерөнхийлөгч Эрдоган Нетаньяхуг “апартейд дэглэмтэй улсын ерөнхий сайд” хэмээн хочилж, “түүний гар Палестинчуудын цусаар угаагдсан” гэж хэлсэн юм.

Удалгүй Нетаньяху хариу барьж “Эрдоганы гар Турк болон Сири дэх тоолж барамгүй олон Күрд хүний цусанд будагдсан” гэж мэдэгджээ.

Ерөнхий сайдын хүү удалгүй инстаграм хуудсаа устгасан байна. Израйлийн засгийн газрын төлөөлөгч “Яйр Нетаньяху бол хувь хүн, инстаграм хуудас нь ч түүний хувийн өмч” гэж тайлбарлаж, албан ёсны байр суурь биш гэдгийг баталжээ.

Гэвч Яйрын нийтэлсэн зурагны хуулбар сошиал сүлжээнд тараад байгаа юм.

 

Эх сурвалж: Russia Today