Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/17-НД НИЙТЛЭГДСЭН

Армандо Торрес: Монголын жижиг дунд бизнес эрхлэгчдийн чадавхийг бэхжүүлэх шинэ үеийг эхлүүллээ

Т.Жанерке, iKon.mn
2018 оны 5 сарын 17
iKon.MN
 

“Оюутолгой” ХХК нь Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ), “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”, Өмнөговь аймгийн Засаг дарга мөн Олон улсын санхүүгийн корпорацитай (ОУСК) “Харилцан ойлголцлын санамж бичиг”-т өнөөдөр гарын үсэг зурлаа. Түүнчлэн “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг хамтарсан санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурав.

Талууд хамтдаа Монгол Улсын жижиг дунд бизнес эрхлэгчдийг чадавхжуулах хөтөлбөрийг боловсруулах хүрээнд хамтран ажиллах юм.

Чадавхжуулах хөтөлбөрийн гол зорилго нь:

  •  эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа,
  • байгаль орчин,
  • бизнесийн ёс зүй,
  • бизнесийн удирдлага,
  • ханган нийлүүлэлтийн сүлжээний удирдлага зэрэг бизнесийг оновчтой удирдан явуулах ур чадвар олгох сургалтуудыг ЖДБЭ-дэд явуулах юм байна.

Ингэснээр манай улсын жижиг дунд бизнес эрхлэгчид өрсөлдөх чадвараа сайжруулан, үйл ажиллагаагаа илүү тогтвортой явуулах боломжтой болох юм. Нөгөө талаас дэлхийн түвшний уул уурхай болон бусад бизнесийн салбарын хэрэгцээг хангах чадвартай болж, мөн тэдний санхүүгийн мэдлэг, мэдээлэл, чадавхи сайжрах боломжтой болно.

Монгол Улсын нийт бизнесийн 98 хувь нь жижиг дунд гэсэн ангилалд орж байгаа ч тэд улсын ДНБ-ний зөвхөн 25 хувийг бүрдүүлж байна. Жижиг дунд бизнес эрхлэгчид нь улсын хэмжээний ажил эрхлэлтийн 90 хувийг хангаж байгаа ч өсөх, хөгжихийн тулд олон бэрхшээлтэй тулгардаг. Монгол компаниудын зөвхөн 10 хувь нь банкаар дамжуулан санхүүгийн үйлчилгээ хүртэж байна.

“Оюу толгой” ХХК нь энэхүү дэвшилтэт түншлэлийн хөтөлбөрөөр дамжуулан, түншүүдтэйгээ хамтран Монголын бизнес эрхлэгчид, тэр дундаа Өмнөговь аймгийн бизнес эрхлэгчдийг илүү аюулгүй, тогтвортой, өрсөлдөх чадвартай болгон хөгжүүлэх, чадавхийг нь нэмэгдүүлэхээр ажиллаж, Монгол Улсын хөгжилд хувь нэмрээ оруулсаар байх аж.

 

Оюу Толгой ХХК-ийн гүйцэтгэх захирал Армандо Торрес энэхүү төслийн стратегийн ач холбогдлыг “Бид үндэсний болон орон нутгийн оролцогч талуудтай нягт хамтран ажиллаж, тогтвортой хөгжлийг нэмэгдүүлэхэд урт хугацааны турш хувь нэмэр оруулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг зорьж байна” гэв. Ноён Торрес “Бид энэхүү түншлэлийн хүрээнд Монголын жижиг дунд бизнес эрхлэгчдийн чадавхийг бэхжүүлэх зорилго бүхий олон талт хамтын ажиллагааны хөтөлбөрийн шинэ үеийн эхлэлийг тавьж байна” гэж нэмж хэллээ.

 

GIZ нь ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны хүсэлтээр өнгөрсөн 25 жилийн хугацаанд олон салбарт хөгжлийн хамтын ажиллагааны чиглэлээр Монгол Улсад идэвхтэй үйл ажиллагаа явуулж ирсэн байгууллага юм. 

GIZ-ийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага (ЭТИС) хөтөлбөрийн захирал Штефан Ханзелманн “GIZ дэлхийн 130 гаруй оронд ЖДБЭ-ийг хөгжүүлэх чиглэлээр ажилласан туршлагатай, Монгол Улстай олон жилийн харилцаа холбоотой, тус улсын эрх ашгийн төлөө ажиллах чин эрмэлзэлтэй байгууллага” гэв.

“Энэхүү түншлэлийн хүрээнд уул уурхайн компаниудын хэрэгцээт бараа, үйлчилгээний тухай мэдээллийг орон нутгийн ханган нийлүүлэгч нарт нэгдсэн байдлаар хүргэх боломжийг бүрдүүлнэ. Ингэснээр нэг талаас ил тод байдал сайжирч, нөгөө талаас хөтөлбөрийн хүрээнд чадавхаа дээшлүүлсэн ЖДБЭ-дэд илүү давуу тал, боломж бий болж, тэдний тогтвортой байдал нэмэгдэнэ” гэж Монгол Улсад суугаа ОУСК-ийн суурин төлөөлөгч Туен Нгуен хэлэв.

Гэрэл зургийг mpa.mn

ОУСК нь банк, санхүүгийн салбар, уул уурхайн усны менежмент, ажил эрхлэлт, ЖДБЭ-ийг дэмжих чиглэлээр ихээхэн ажил хийж, Монгол Улсын эдийн засгийн хөгжил тэр дундаа Оюу толгойн бүтээн байгуулалтыг тууштай дэмжиж ирсэн. ОУСК нь хувийн хэвшилд хөрөнгө оруулах, хөрөнгө санхүү босгох, Засгийн газар болон бизнес эрхлэгчдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зөвлөгөө өгөх замаар Монгол Улсын эдийн засгийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулсаар байна. Төлөөлөгчийн газраа 1997 онд байгуулснаас хойш олон салбарт хөрөнгө оруулж ажилласан ба энэ нь нийт дүнгээрээ 3 тэрбум гаруй ам.доллар болсон байна.

Өмнөговь аймгийн Засаг дарга бөгөөд “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-гийн УЗ-ийн гишүүн Н.Наранбаатар “Өнөөдрийн энэ арга хэмжээ нь Өмнөговь аймаг болон “Оюу толгой” компанийн тогтвортой хөгжлийн төлөөх эерэг, бүтээлч хамтын ажиллагааны тод илрэл юм. Энэ нь орон нутаг, бүс нутаг болон үндэсний хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж буй бүх жижиг дунд бизнесүүдэд зориулсан ховор боломжийг бий болгож байна. Өмнөговь аймгийн урт хугацааны хөгжлийн стратегийн нэг томоохон тэргүүлэх чиглэл нь эдийн засгийн олон тулгуурт байдал болон жижиг дунд бизнесийн хөгжил байдаг.

Өнөөдөр ХДС, GIZ, ОУСК, ОТ гэх мэт томоохон байгууллагуудыг оролцуулсан олон талт түншлэлийг бий болгож, тэдгээрийн хүчин чармайлт, туршлага болон хөрөнгө оруулалтыг ЖДҮ-ийн хөгжлийн салбарт нэгтгэж чадлаа. Бид эдийн засгийн өсөлт болон эдийн засгийн олон тулгуурт байдалд энэ түншлэлийн гэрээгээр дамжуулан бат бөх суурийг тавилаа” гэв.