Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/17-НД НИЙТЛЭГДСЭН

2050 онд дэлхийн хүн амын гуравны хоёр нь хотод амьдарна

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 5 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр танилцуулсан НҮБ-ын тоо баримтад өгүүлснээр 2050 он гэхэд дэлхийн хүн амын гуравны хоёр нь хотод амьдрах ба энэ нүүдлийг Энэтхэг, Хятад, Нигери улсууд тэргүүлнэ гэжээ.

Харин хөдөө, орон нутагт амьдрагсад ирэх цөөн жилийн хугацаанд оргилдоо хүрсний дараа буурч эхлэх гэнэ. 37 сая оршин суугчтай Токио хот одоогоор дэлхийн хотуудыг тэргүүлж байгаа бол Дели 29 сая, Шанхай 26 сая, Мехико, Сан Пауло хотууд 22 сая оршин суугчтай удаалж байна.

Араас нь 20 орчим сая хүнтэй Кайр, Мумбай, Бээжин, Дака хотууд жагсжээ.

Гэхдээ 2028 онд Дели хот Токиог оршин суугчийн тоогоор гүйцэж түрүүлэх тооцоо гарсан байна.

Мөн энэ үед нийт хүн амын тоогоор Энэтхэг улс Хятадыг ардаа орхих гэнэ.

Өнөөдрийн байдлаар дэлхийн хүн амын 55 хувь хотод амьдарч байна. Энэ хэмжээ 2050 онд 68 хувь болж нэмэгдэх ажээ.

Энэ өсөлтийн гуравны нэгээс их хувийг Энэтхэг, Хятад, Нигери гурав бүрдүүлэх юм.

10 саяас дээш хүн амтай буюу Мега хотуудын тоо 1990 онд дөнгөж 10 байжээ. Харин өнөөдөр 33 байгаа бол 2030 онд 43 болж өсөхөөр байгаагийн ихэнх нь хөгжиж буй орнуудад ноогдох гэнэ.

Япон, Өмнөд Солонгосын Нагасаки, Бусан зэрэг цөөн хотууд 2000 оноос хойш анх удаагаа оршин суугчийн тоо нь буурах төлөвтэй байна.

Зүүн Европын Польш, Румынь, Орос, Украин зэрэг улсуудын хотуудад хүн ам буурах үзэгдэл шинэ зуунаас эхлэн ажиглагдаж эхэлжээ.

Гэхдээ л хотжих үйл явц нийлбэр дүнгээрээ тасралтгүй өснө гэж мэргэжилтнүүд тооцоолсон байна.

 

Эх сурвалж: The Guardian