Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/17-НД НИЙТЛЭГДСЭН

С.Баяр, М.Энхсайханыг эгүүлэн татаж, шинэ Элчин сайдуудыг томиллоо

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 5 сарын 17
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар гадаад улсад суух Элчин сайдуудыг томилох тухай хэлэлцэж байна.

Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд Элчин сайдыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх саналаа УИХ-д тавдугаар сарын 10-ны өдөр хүргүүлсэн юм.

Саналд:

  • Монгол Улсаас Шведийн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мэндсайханы Энхсайханыг эгүүлэн татаж, Шведийн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Очирын Энхцэцэгийг томилох,
  • Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Санжаагийн Баярыг эгүүлэн татаж, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Нархүүгийн Тулгыг томилох,
  • Япон Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамбадаржаагийн Батжаргал,
  • Канад Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ядмаагийн Ариунболд нарыг тус тус томилох асуудлыг зөвшилцөхөөр саналд тусгасан.
Байнгын хороо Элчин сайдуудыг дэмжсэн 
Гэрэл зургийг mpa.mn

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос гаргасан санал дүгнэлтийг тус Байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан танилцуулсан юм.

Тэрбээр "Байнгын хорооны 5 дугаар сарын 15-ны хуралдаанаар гишүүд Элчин сайдад нэр дэвшигчид, мөн хоёр Элчин сайдыг эгүүлэн татахыг гишүүд дэмжсэн" гэв.

Элчин сайдад нэр дэвшигчдийн хэлсэн үг:

Шведийн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад нэр дэвшигч О.Энхцэцэг "Ядуурлыг бууруулах чиглэлийг судалж боломжтой зүйлийг Монгол Улсдаа хэрэгжүүлэх болно. Монгол судлалыг дэмжиж хөгжүүлэхэд анхаарна. Мөн сэргээгдэх эрчим хүч, ногоон хөгжил, ногоон бодлогыг судална гэж бодож байна. Шведэд 6,000 гаруй Монгол иргэн байдаг. Тэдгээр иргэдэд тулгарч буй асуудлыг шийдэхэд анхаарч ажиллана".

О.Энхцэцэг дипломат албанд 31 жил ажилласан, 2017 оноос Гадаад харилцааны яамны Олон талт хамтын ажиллагааны газрын захирлаар ажиллаж байна.

Япон Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад нэр дэвшигч Д.Батжаргал "ХАА-н чиглэлээр хамтын ажиллагааг үргэлжлүүлнэ. Хөрөнгө оруулалтын, эдийн засгийн асуудлыг өргөжүүлнэ. 8,742 Монгол иргэн Японд ажиллаж амьдарч байна. Эдгээр иргэдийн асуудлыг зохицуулах Монголын төвийг Японд байгуулах бодолтой байна. Энэ чиглэлээр ажиллана".

Д.Батжаргал төрийн албанд 31 жил ажилласнаас дипломат албанд 11 жил ажилласан. 2016 оноос Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яаманд Элчин зөвлөхөөр ажиллаж буй.
Гэрэл зургийг MPA.mn

Канад Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад нэр дэвшигч Я.Ариунболд "Монгол Канадын 45 жилийн ой тохиож байгаа. Хоёр улсын харилцааг иж бүрэн түншлэлд хүргэхийн төлөө ажиллана. Хүнс хөдөө аж ахуйг хөгжүүлэхэд цаг уурын нөхцөл адил учраас боломжтой байгаа. Батлан хамгаалахын салбарыг хөгжүүлнэ"

Я.Ариунболд дипломат албанд 22 жил ажиллаж буй бөгөөд 2016 оноос Гадаад харилцааны яамны Консулын газрын захирлаар ажиллаж байна.
Их Британийн Ханхүүг Монголд урих тухай ярьж байгаа. Хуримаа хийх гэж байгаа болохоор энэ онд амжихгүй болж байна

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад нэр дэвшигч Н.Тулга "Өмнө нь энэ улсад Элчин сайдаар ажиллаж байсан болохоор өмнө нь хийж байсан ажлуудаа үргэлжлүүлнэ. Британийн хувьд дэлхийн санхүүгийн төв болохоор манай улсын эдийн засгийг хөгжүүлэхэд хөрөнгө босгох цэг гэж үзэж байна. Энэ тал дээр анхаарч ажиллана. Их Британийн Ханхүүг Монголд урих тухай ярьж байгаа. Хуримаа хийх гэж байгаа болохоор энэ онд амжихгүй болж байна. Худалдааны нийт эргэлт нь 690 сая Үүнээс 640 сая нь манай уул уурхайн экспорт байгаа. Энэ чамлалттай тоо. Худалдааны эргэлтийг нэмэгдүүлнэ. Ноос ноолуурын чиглэлээр хамтарч ажиллана".

Н.Тулга дипломат албанд 29 дэх жилдээ ажиллаж буй. 2017 оноос Гадаад харилцааны яамны Ази, Номхон далайн орнуудын газарт зөвлөхөөр ажиллаж байна.
С.Баяр даргын хувьд өргөдлөө өгсөн байна. Харин М.Энхсайханыг ямар үндэслэлээр Элчин сайдаас нь эгүүлэн татаж байгаа вэ? 
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын зарим гишүүн асуулт асууж хариулт авлаа. Тухайлбал, 

УИХ-ын гишүүн М.Энх-Амгалан "С.Баяр даргын хувьд өргөдлөө өгсөн байна. Харин М.Энхсайханыг ямар үндэслэлээр Элчин сайдаас нь эгүүлэн татаж байгаа вэ? 

Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Г.Тэгшжаргал "Шведийн Вант улсад суугаа Элчин сайд М.Энхсайхан сонгууль болон түүний дараагаар улстөржсөн мэдэгдэл гаргасан нь эгүүлэн татах үндэслэл болсон" гэсэн хариултыг өглөө.

Гэрэл зургийг Mpa.mn

Чуулганы хуралдаанд оролцсон гишүүд Монгол Улсаас Шведийн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мэндсайханы Энхсайхан, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Санжаагийн Баяр нарыг эгүүлэн татах, Элчин сайдуудыг томилохыг дэмжлээ.