Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/17-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп порно жүжигчин эмэгтэйд төлсөн мөнгийг нөхөж шилжүүлсэн нь илэрчээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 5 сарын 17
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын өмгөөлөгч Майкл Коэн 2016 онд порно жүжигчин Сторми Даниэлзын “амыг хаах” гэрээ байгуулж, $130,000-ыг төлсөн тухай өнгөрсөн оноос хойш яригдаж байгаа.

2006 онд Трамптай дотно харилцаанд орж байсан гэдэг энэ эмэгтэйтэй ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт эхлэхээс хэдхэн хоногийн өмнө уг гэрээг байгуулж байжээ.

Тэгвэл өчигдөр Дональд Трамп 2018 оны хувийн санхүүгийн тайлангаа зарлахад дээрх мөнгийг 2017 онд Коэнд нөхөж төлсөн нь батлагдсан байна.

Коэн мөнгийг жүжигчин эмэгтэйд хувиасаа төлсөн гэж мэдэгдэж байсан юм. Харин дараа нь Трамп уг мөнгийг түүнд нөхөж төлсөн байна.

Тайланд шилжүүлгийн хэмжээг нарийвчлан заадаггүй тул $100,001-$250,000 хэмжээтэй гэсэн ангилалд оруулжээ.

Гэтэл энэхүү төлбөрийн мэдээлэл 2017 оны тайланд тусгагдалгүй өнгөрсөн нь асуудал үүсгэж байна.

АНУ-ын засаг захиргааны ёс зүйн байгууллагын захирал Дэвид Эпсол уг зардлыг 2017 оны тайланд яагаад тусгаагүйг Трампаас тодруулахаа мэдэгджээ.

Дональд Трамп өмнө нь порно жүжигчинтэй ямар нэг холбоогүй, түүнд өмгөөлөгч нь мөнгө төлснийг мэдээгүй гэдгээ илэрхийлж байв.

Майкл Коэн ч бас түүний шилжүүлсэн мөнгөний тухай ерөнхийлөгч мэдэхгүй гэж байжээ.

Гэтэл Трампын хуульчдын багт сүүлд нэгдсэн Руди Жулиани хэвлэлд ярихдаа Коэны төлсөн мөнгийг сүүлд Трамп нөхөж шилжүүлсэн гэсэн зөрчилтэй мэдэгдэл хийсэн юм.

Ийнхүү порно жүжигчин эмэгтэйг тойрсон дуулиан улам сонирхолтой болж эхэллээ.

 

Эх сурвалж: Reuters