Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/17-НД НИЙТЛЭГДСЭН

Хойд Солонгосоос цөмийн зэвсгийг нь Ливийн загвараар салгах яриа Ким Жон Уныг эргэлзүүлсэн байж магадгүй

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 5 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Удахгүй болох АНУ-Хойд Солонгосын төрийн тэргүүнүүдийн уулзалтыг цуцлах магадлалтай байгаагаа Пёньян өнгөрсөн Мягмар гарагт зарласан билээ.

Ингэх болсон шалтгаанаа тэд олон янзаар тайлбарлаж байсан. Ажиглагчдын дүгнэж байгаагаар Дональд Трампын аюулгүй байдлын зөвлөх, дайнч хатуу үзэл бодлоороо алдартай Жон Болтоны саяхан хэлсэн үг Ким Жон Уныг эргэлзүүлсэн байх өндөр магадлалтай байна.

Болтон өмнө нь Хойд Солонгосыг бөмбөгөдөх хэрэгтэйг Вашингтоны засаг захиргаанд зөвлөж байсан хүн юм. Тэр саяхан CBS сувгийн “Face the Nation” хөтөлбөрт ярихдаа “Хойд Солонгосоос цөмийн зэвсгийг нь салгахын тулд бид 2003, 2004 оны Ливийн загварыг хэрэглэх хэрэгтэй гэж би бодож байна” хэмээн ярьж байжээ.

Иракийн дэглэмийг унагаж, Саддам Хусайныг цаазалсны дараа 2003 онд Ливийн удирдагч Муаммар Каддафи улс орондоо олон улсын мэргэжилтнүүдийг урьж, цөмийн зэвсэг байхгүйгээ батлуулахаар болсон юм.

Гэвч 2011 онд АНУ болон NATO-гийн зарим гишүүн орнуудын дэмжлэгтэйгээр хувьсгал гарч, хэдхэн сарын дараа Каддафи гудамжинд алагдсан билээ.

Хойд Солонгосын гадаад хэргийн дэд сайд Ким Ки Гван саяхан хэвлэлд ярихдаа “Бид Болтоныг ямар хүн болохыг өмнөх түүхээс нь мэднэ. Тиймээс бид түүнд таагүй ханддагаа нуухгүй” гэсэн байна.

Тэр Болтоны ярьсан “Ливийн загвар”-ын тухай хариулахдаа “Манай улс Ливи, Ирак шиг эмгэнэлт хувь заяатай орнуудтай харьцуулшгүй гэдгийг дэлхий сайн мэдэж байгаа. Цөмийн хөтөлбөрөө дөнгөж эхэлж байсан Ливитэй нэгэнт цөмийн зэвсэгтэй болоод байгаа БНАСАУ-ыг харьцуулах нь хэтэрхий тэнэг хэрэг” гэж ярьжээ.

Болтон яагаад Хойд Солонгосыг Ливитэй харьцуулсан нь тодорхойгүй байна.

Тиймээс Сингапурт болох уулзалтыг амжилттай зохион байгуулахын тулд Трампын засаг захиргаа Ким Жон Уны итгэлийг олох хүнд асуудалтай тулгарч байна.

 

Эх сурвалж: Business Insider