Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/17-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын даатгалын нэвчилт хөгжиж буй орнуудын дунджид хүрвэл, нийт хураамжийн орлого 6 дахин өсч, ₮900 тэрбумд хүрэх боломжтой

Б.Дөлгөөн
2018 оны 5 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Mongoljin Private Capital ХХК-ийн дарга Жим Двайертай Монголын даатгалын салбарын талаар яриа өрнүүллээ.

Ноён Жим Двайер нь Нью Йорк хотод хөрөнгө оруулалтын банкираар 30 гаруй жил ажилласан туршлагатай банкир бөгөөд дэлхийн томоохон хөрөнгө оруулалтын банкнуудын M&A нэгжийг удирдан ажиллаж байжээ.

Тэрээр анх 2001 онд Худалдаа хөгжлийн банкны хувьчлалын асуудлаар Монголын Засгийн Газрыг төлөөлөх хөрөнгө оруулалтын банкираар Монголд зочилж байсан байна. Мөн 2007-2016 онд Монголын Бизнесийн Зөвлөл /BCM/-ийг үүсгэн байгуулж, захирлаар нь ажиллаж байжээ.


-Санхүүгийн салбарт олон жил ажилласан туршлагатай хүний хувьд Монголын санхүүгийн зах зээлийн хөгжилд даатгалын салбарын хөгжил хэр нөлөөтэй гэж та үздэг вэ?  
-Ирэх 5-10 жилд Монголын санхүүгийн зах зээлийн эдийн засгийн хөгжилд даатгалын салбарын нөлөө маш их байхаар харагдаж байна.

Монголын санхүүгийн зах зээлийн дийлэнх хэсэг буюу 95%-ийг банкны салбар дангаараа эзэлж байна. Харин банкны бус санхүүгийн секторт даатгалын салбар тэргүүлэх байр суурьтай байгаа.

Давшгүй эрсдэлүүдээс хөрөнгөө хамгаалж даатгалд хамруулах нь маш чухал бөгөөд энэхүү туршлага нь дэлхийн томоохон улс орнууд болон хөгжиж буй орнуудад өргөнөөр тархаж, хүлээн зөвшөөрөгдсөн байдаг.

Би хувьдаа үнэ цэнэ бүхий материаллаг хөрөнгийг заавал даатгуулж байх хэрэгтэй гэж үздэг. Материаллаг хөрөнгө гэдэгт мэдээж үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, оффис, орон сууц, нисэх онгоц, хөлөг онгоц хийгээд орон сууц, гэр, тавилга, үнэт эдлэл, хувийн эд зүйлс зэрэг өргөн хүрээний зүйлс багтаана.

Даатгалын компаниуд өсөхийн зэрэгцээ зардал, нөхөн төлбөрөөсөө урьдчилан даатгалын хураамжийн орлого хуримтлуулдаг. Хэрэв даатгалын компанийн андеррайтинг буюу үндсэн үйл ажиллагаа болон үйл ажиллагааны зардлыг зөв зохистой удирдаж чадвал компанид илүүдэл мөнгө бий болж эхэлдэг. Үүнийг “float” (мөнгөн хөрөнгө) гэдэг.

Мөнгөн хөрөнгийг үнэт цаас, бонд гэх мэт хөрөнгө оруулалтад ашиглахад зориулагдсан байдаг. Харамсалтай нь Монголын хувьд энэхүү институцийн худалдан авах чадвар нь бараг байхгүй гэхэд болно. Иймээс ч Монголын Хөрөнгийн Бирж бизнесүүдэд зориулж хангалттай хэмжээнд хөрөнгө босгож чадахгүй байгаа.

Даатгалын компаниуд илүүдэл мөнгөн хөрөнгөтэй учраас түүгээрээ хувьцаа, бонд, хөрөнгө оруулалт, тэтгэврийн сан зэрэгт оролцсоноор хөрөнгийн зах зээлийг эрс сайжруулах боломжтой.

Хөрөнгийн зах зээл дээрх даатгалын компаниудын хүчирхэг нөлөөг илтгэх шилдэг жишээ бол Уоррен Баффетын АНУ-ын Berkshire Hathaway даатгалын компани юм.

Berkshire Hathaway 300 тэрбум ам.долларын мөнгөн хөрөнгө босгож чадсан бөгөөд хөрөнгө оруулагчиддаа үр ашигтай байх зорилгоор 100 тэрбум ам.долларын хувьцааг эргүүлэн худалдаж авахаар төлөвлөж байгаа талаар мэдээлсэн байсан.

-Даатгалын салбартай ойр ажилладгийн хувьд энэ салбарын цаашдын өсөлтийг хэрхэн харж байгаа вэ?
-Миний бодлоор, Монголын даатгалын салбар хөгжлийнхөө эхэн үед л явж байна.

Гэхдээ энэ нь нөгөө талаас өсөн дэвжих том потенциал байгааг харуулж байгаа юм. Даатгалын салбарын хөгжлийг хэмжих хоёр гол үзүүлэлт байдаг.

Нэг нь даатгалын нэвчилт буюу дотоодын нийт бүтээгдэхүүний хэдэн хувийг даатгалын хураамжийн орлого эзэлж байгааг харуулдаг үзүүлэлт юм. Монгол улсын хувьд энэ үзүүлэлт өнөөгийн байдлаар 1 хувиас ч бага байна. Харин энэ үзүүлэлт хөгжиж буй орнуудад 3 орчим хувь, хөгжсөн Азийн орнуудад 10 гаруй хувь буюу зарим тохиолдолд Монголынхоос 20 дахин өндөр байдаг. 2017 онд даатгалын салбарын нийт хураамжийн орлого 144 тэрбум төгрөг буюу ойролцоогоор 60 сая ам.доллар байсан. Хэрэв Монголын даатгалын нэвчилт хөгжиж буй орнуудын дунджид хүрвэл, даатгалын нийт хураамжийн орлого 6 дахин өсч, ойролцоогоор 375 сая ам.доллар буюу 900 тэрбум төгрөгт хүрэх боломжтой гэж харж байгаа.

Өөр нэг чухал үзүүлэлт нь даатгалын нягтрал буюу нэг хүнд ногдох даатгалын хураамжийн орлогын хэмжээ юм. Монголд даатгалын нягтрал ойролцоогоор 15 ам.доллар байна. Гэтэл хөгжиж буй орнуудад даатгалын нягтрал дунджаар 150 ам.доллар буюу Монголоос 10 дахин өндөр байгаа юм.

Даатгалын зах зээлийн өсөлтийг хэрхэн хардаг вэ гэвэл Монголын арилжааны банкны өсөлттэй ижил түвшний өсөлтийг даатгалын зах зээл үзүүлнэ гэсэн урьдчилан таамаглал байна. 2000 оны эхээр тухайн үеийн “Том 3”-н арилжааны банк тус бүр 5 сая ам.доллар хүрэхтэй үгүйтэй хөрөнгөтэй байсан. Сүүлийн 15 жилийн хугацаанд "Том 3" маш өндөр өсөлтийг үзүүлж чадсан.

Өнөөдөр эдгээр банкуудын нийт хөрөнгийн хэмжээ 2 тэрбум гаруй ам.долларт (5 их наяд төгрөг) хүрээд байна. Гэтэл одоогийн хамгийн том 5 даатгалын компанийн санхүүгийн үзүүлэлтүүдийг харвал 2000-аад оны “Том 3”-н банкны тус бүрийн капиталжилтын хэмжээтэй адилхан байгаа юм.

Даатгалын бүтээгдэхүүний ач холбогдлыг олон нийтэд таниулан, зөв менежмент, зохистой зохицуулалтыг хэрэгжүүлж чадвал даатгалын компаниуд дунд болон урт хугацаанд томоохон өсөлтийг харуулах бүрэн боломжтой.

-Монгол Улсад харьцангуй жижиг зах зээлд 15 даатгалын компани үйл ажиллагаа явуулж байна. Энэ талаарх дээрх таны бодол?
-Монголынх шиг харьцангуй жижиг зах зээлд 15 даатгалын компани үйл ажиллагаа явуулах нь эрүүл биш.

Хэд хэдэн даатгалын компаниуд хөрөнгийн дутагдалтай байна. Гэтэл харилцагч байгууллага болон хувь хүмүүст учирсан эрсдэлийг удирдахын тулд даатгалын компаниуд хангалттай хэмжээний капиталтай байх шаардлагатай.

Монголын даатгалын салбарын зохицуулагч Санхүүгийн Зохицуулах Хорооноос даатгалын компаниудын дүрмийн сангийн доод хэмжээг өсгөхөөр шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл 2018 оны 6 сараас эхлэн даатгалын компаниудын дүрмийн сангийн доод хэмжээ 1,5 сая ам.доллараас (3,5 тэрбум төгрөг) 2 тэрбум ам.доллар (5 тэрбум төгрөг) болж өсөж байгаа. Энэ тохиолдолд дор хаяж 4-5 компани энэхүү шаардлагыг хангаж чадахааргүй харагдаж байна. Оны сүүлээр хэд хэдэн нэгдэх/эсвэл татан буугдах үйл ажиллагаанууд явагдаж магадгүй байна.  

Даатгалын салбарт дор хаяж хөрөнгийн чадавх сайтай 5 компани байх хэрэгтэй. Энэ бол энэхүү чухал бизнесийн салбарт тавигдах үнэмлэхүй шаардлага юм.

Миний бодлоор, хэрэглэгчдэд олон төрлийн хүртээмжтэй бүтээгдэхүүн санал болгодог эрүүл, хүчтэй даатгалын салбар нь Монгол улсын эдийн засгийн тогтвортой өсөлтөд зайлшгүй шаардлагатай.