Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/16-НД НИЙТЛЭГДСЭН

"Урт хугацаагаар амьдрахгүй зуслан, байрныхаа цахилгааныг салгуулж, суурь хураамж төлөхгүй байх боломжтой"

С.Бадрал, iKon.mn
2018 оны 5 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Зуслангийн байшин, байр сууцандаа тодорхой хугацаанд амьдрахгүй, цахилгаан хэрэглэх шаардлагагүй болсон бол харьяа Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх төв болон 70047004 утсаар дуудлага өгч цахилгаанаа түр салгуулж болох юм байна.

Ингэснээр эзэнгүй байсан ч сар бүр тооцогддог суурь хураамжийн 2,200, хогны хураамжийн 2,500, телевизийн хураамжийн 1,100 төгрөгийн төлбөрийг тооцуулахгүй байх аж.

Харин цахилгаан хэрэглээгээ сэргээлгэх бол мөн Хэрэглэгчдэд үйлчлэх төв болон 70047004 утсаар өгч болно.

Хэрвээ та аль ч улиралд зуслангийн байшин, байр сууцандаа байнга амьдрахгүй ч ирэн очин байж, цахилгаанаар тогтмол хангагдаж байгаа бол гэрээнд заагдсан хугацаанд сар бүр тоолуурын заалтаа харьяа Хэрэглэгчдэд үйлчлэх төвд болон 70047004 утсаар өгөх эсвэл тоолуурын заалт авах эрх бүхий ажилтныг цахилгааны щит, тоолуурт үзлэг, шалгалт хийх, заалт авах боломжоор хангах үүргийг хүлээнэ.

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК нь хэрэглэгчдээс цахилгаан эрчим хүчний орлого цуглуулах үйл ажиллагаандаа төлбөр төлөлтийн орчин үеийн бүх хэлбэрийг ашиглаж байна. Тиймээс хэрэглэгч та төлбөрөө гэрээт хугацаандаа багтаан Хэрэглэгчдэд үйлчлэх төв, салбар кассуудад бэлнээр төлж болохоос гадна, цахилгаан хэрэглэгчийн цахим үйлчилгээ http://my.tog.mn, банкны биллинг, и-биллинг, интернэт болон мобайл банк, АТМ, ТҮЦ машиныг ашиглан бэлэн бусаар хийх боломжтой.

Жич: Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК нь суурь хураамж, хог, телевизийн хураамжийг хэрэглэгчдээс цуглуулахдаа ЭХЗХ-ны 2015 оны 199 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг Даргын 2011 оны 472 дугаар захирамж, Радио, телевизийн хэрэг эрхлэх газрын даргын 2001 оны 43 дугаар тушаалыг үндэслэдэг.

 

Эх сурвалж: УБЦТС ТӨХК