Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/16-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Баярмаа: Тамхинаас гараад 1 жил болоход зүрх судасны өвчнөөр өвдөх эрсдэл 50 хувь буурч, 3-5 жилийн дараа бие эрүүлждэг

СОНГДО ЭМНЭЛЭГ
2018 оны 5 сарын 16
СОНГДО зөвлөж байна
Зураг зураг

Сонгдо эмнэлгийн Зүрх судасны эмч Т.Баярмаатай ярилцлаа.

- Монголчуудын нас баралтын тэргүүлэх шалтгаан нь зүрх судасны өвчлөл гэдэг. Үүнд нөлөөлж буй гол хүчин зүйл нь юу вэ? 

- Дэлхийн олон оронд болон манай улсад зүрх судасны өвчин нь нас баралтын тэргүүлэх шалтгаан байсаар байна. Зүрх судасны өвчлөл нь нас, хүйс, удамшил, даралт ихсэх, сахарын өвчин, жингийн илүүдэл, хөдөлгөөний дутагдал, архи, тамхины хэрэглээ гэх мэт олон шалтгааны улмаас үүсдэг.

Зүрх судасны тогтолцоонд нөлөөлж буй эрсдэлт хүчин зүйлийн эхэнд яах аргагүй тамхидалт орно. Гэхдээ тамхи  бол өөрчилж болох эрсдэлт  хүчин зүйл юм.Тамхинаас гарснаар зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх төдийгүй эмчилгээ болдог гэсэн үг. Тамхинаас гараад 1 жил болоход зүрх судасны өвчнөөр өвдөх эрсдэл 50 хувь буурч, 3-5 жилийн дараа тухайн хүний бие тамхи татдаггүй хүнийхтэй адил эрүүлждэг .

- Тамхи зүрх судасны системд хэрхэн нөлөөлдөг вэ? 

- Тамхины утаа нь тортогийн , хийн  гэсэн 2 үетэй байдаг. Тортог нь дотроо олон төрлийн хортой бодис агуулдаг. Манайхны хамгийн сайн мэддэг нь никотин. Никотины нөлөөгөөр бие махбодь  тамхинд донтож, түүнээс гарч чаддаггүй. Үүгээр ч зогсохгүй никотин нь судасны дотор хана буюу эндотелийг гэмтээн гөлгөр байдлыг нь алдагдуулан шарх үүсгэснээр судасны уян хатан чанар алдагдахад хүргэдэг. Цаашилбал судас нарийсна, тухайн гэмтсэн судсан дээр өөх тос очиж наалдаад бөглөө үүсгэх гэх мэтээр үргэлжилдэг. Тухайлбал цус өтгөрүүлнэ, хүчилтөрөгчийн байнгын дутагдал, зүрхийг дэлсүүлэх, хэм алдуулах,үрэвслийн үйл явцыг нэмэгдүүлдэг.

Тамхи татдаг хүмүүсийн цусан дах өөх тосны үзүүлэлтүүд  татдаггүй хүмүүстэйгээ харьцуулахад их байдаг. Энэ нь цусанд байгаа сайн өөх тосны хэмжээг багасгаж, муу өөх тосны хэмжээг ихэсгэж байна гэсэн үг юм. Үүнээс улбаалан цус өтгөрөх, судас ны  уян хатан чанар нь алдагдах , судас нарийсах, өөх тосны хэмжээ ихсэх   нь зэрэг  процесс явагддаг.Товчхондоо бол тамхи татах зуршил судасны хатуурал үүсгэж улмаар даралт ихсэх, хэм алдагдах, зүрхний шигдээс болох эрсдлийг нэмэгдүүлдэг байх нь. 

- Зүрх судасны өвчлөлийн насжилт залуужиж буйд тамхидалтын нөлөө их байна гэж ойлгож болох уу?

- Дөчөөс дээш насныхан зүрхний шигдээс болдог гэж оюутан байхад заадаг байлаа. Гэтэл өдгөө Сонгдо эмнэлэг дээр 25-30 насны залуус зүрхний шигдээс болоод ирж байгаа тохиолдол олон байна. Тэдний нийтлэг зүйл нь тамхидалт. Тэгэхээр зүрх судасны өвчлөл залуужиж байгаа нь тамхитай  тодорхой хэмжээгээр холбоотой.
Тамхи татах нь дан ганц зүрх судас биш, хүний биеийн бүх эрхтэн тогтолцоонд сөргөөр нөлөөлдөг.

Зүрх судасны тогтолцоонд сөрөгөөр нөлөөлөхөөс гадна уушигны бөглөрөлт өвчин, уушигны хавдар, мэдрэлийн ёзоорын эмгэг, тархинд цус харвах, бөөрний судасны нарийсалт,  хэвлийн гол судасны аневризм /цүлхэн/ үүсгэх, амны хөндийн салст, цагаан мөгөөрсөн хоолойн болон улаан хоолой, арьсны  хавдар гэхчилэн нөлөөлөхгүй эрхтэн гэж байхгүй. Гадаад гоо үзэмжид хүртэл нөлөөлдөг.

Тамхины утаанд агуулагдаж буй 4,000 гаруй бодист хүний биед ашигтай бодис нэг ч байхгүй. Энэ бүх бодис тус бүртээ маш олон өвчлөлийн шалтгаан болдог. Дам тамхидалтанд өртдөг хүмүүс  зүрх судасны өвчнөөр өвчлөх  эрсдэл 20-30 хувиар нэмэгддэг. Тэгтэл дам тамхидалтанд хүүхэд, өсвөр үеийнхэн илүү өртөж байна шүү дээ. 

- Тамхи татахаар тайвширдаг гэж ярьдаг? 

- Тайвшрахын тулд тамхи татах нь маш буруу зуршил. Тамхи татахад эхний үед мэдрэлийн тогтолцоог сэргээх нөлөө үзүүлдэг. Уурласан, бухимдсан үедээ тамхи татах нь эхэн үедээ тайвшрах, сатаарах нөлөө үзүүлдэг боловч цаашдаа мэдрэлийн тогтолцоог дарангуйлдаг. Улмаар бэлгийн сулралтай болох, мэс заслын үеийн эрсдлийг нэмэгдүүлэх гэх мэт сөрөг  үр дагаваруудтай.

- Тамхинаас гарахдаа юунд анхаарах вэ? 

- Тамхинаас гарахын тулд мэргэжлийн эмчийн зөвлөгөөг авахаас гадна тухайн хүний хувийн тэвчээр маш чухал. Зарим хүмүүс тамхиа огцом хаяж байхад зарим нь аажмаар, багасгаж, үлдсэн хэсэг нь наалт, бохь гэх мэт зүйлсийг хэрэглэдэг. Огцом хаялаа гээд сөрөг муу нөлөө байхгүй. Донтолт үүсгэдэг учраас эхэн үедээ үгүйлэх нь бий. 2-3 сар тэвчиж  чадвал эргээд тамхинд орох магадлал эрс буурдаг. 

 

Эх сурвалж: Үндэстний тойм сэтгүүл

 

Зураг