Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/16-НД НИЙТЛЭГДСЭН

Төгсөлтийн баярыг согтууруулах ундаагүйгээр тэмдэглэхийг уриаллаа

Т.Жанерке, iKon.mn
2018 оны 5 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

2017-2018 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд ерөнхий боловсролын 241 сургуульд 248 мянган сурагч суралцаж байна. Энэ жилийн хувьд 9 дүгээр ангийг 18,663, 12 дугаар ангийг 16,200 сурагч төгсөх юм байна. Төгсөлтийн баяртай холбогдуулан сурагчдаас мөнгө хураах, аялал, зугаал хийх, бэлэг өгөх арга хэмжээг бүрэн хориглосон Хотын дарга болон БСШУС-ын сайдын тушаал гарчээ.  

Мөн түүнчлэн их, дээд сургууль ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, коллежийн эрдмийн баярыг зөв зохистой тэмдэглэн өнгөрүүлэх, оюутан, сурагчдыг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн цагдаагийн газраас дараах уриалгыг гаргаж байна. 

  • ЕБС, МСҮТ, коллеж, их, дээд сургуулиудын төгсөлтийн үйл ажиллагааг боловсролын баримт бичиг гардуулах, суралцагч өөрийн сурсан эрдэм, авьяасаа тайлагнах “Эрдмийн баяр”-ын өдөрлөг хэлбэрээр тэмдэглэн өнгөрүүлэх;
  • “Эрдмийн баяр”-ын өдөрлөгийг архи, согтууруулах ундаагүйгээр тэмдэглэх,
  • Оюутан, сурагчдаас аливаа төлбөр, хураамж, хандив авах, оюутан, сурагч, эцэг, эхийн зөвлөлийн үүсгэл санаачилга нэрээр мөнгө татахгүй байх,
  • Оюутан, сурагчдыг хамруулан амралт, зугаалгын арга хэмжээг зохион байгуулахгүй байх зэрэг уриалга багтжээ.
ХУД-ийн нутагт төгсөх ангийн 30 гаруй хүүхдийг тээвэрлэж явсан Хүүхдийн автобусны жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн байсан
 
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ц.Цэрэнпунцаг "Дулааны улирал эхэлж байгаатай холбогдуулан ЕБС, их, дээд сургуулиудын төгсөлтийн баяр давхцаж байна. Энэ үеэр анги  хамт олон, найз нөхдөөрөө нийлэн амралт зугаалгаар явахдаа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хэд хэдэн зөрчил гарсан.

Хамгийн сүүлийн жишээнээс дурдахад 2018.05.08-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг “Гэгээ” хүнсний дэлгүүрийн уулзварт 30 гаруй хүүхэд тээвэрлэж явсан Daewoo маркийн автобус нь North benz маркийн ачааны автомашинтай мөргөлдөж 3 том хүн, 5 хүүхэд гэмтсэн осол гарсан. Мөн 2018.05.12-ны өдөр ХУД-ийн нутагт төгсөх ангийн 30 гаруй хүүхдийг тээвэрлэж явсан Хүүхдийн автобусны жолооч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргасан зэрэг ноцтой зөрчил, хэргүүд бүртгэгдсэн. 

Иймд их дээд, ЕБС-ийн сургуулийн удирдлагууд, багш, эрдмийн баяраа тэмдэглэж буй оюутан, сурагчдад  эрдмийн баяраа архи согтууруулах ундаагүйгээр тэмдэглэн өнгөрүүлэхийг уриалж байна" гэв.