Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/16-НД НИЙТЛЭГДСЭН

Польш улсаас импортолсон 34.8 тонн алимыг устгалд оруулжээ

С.Бадрал, iKon.mn
2018 оны 5 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 2018 оны эхний таван сарын байдлаар гүний хяналтын бүсээр мал, амьтны халдварт өвчин, ургамлын хорио цээртэй зүйлс дамжин тархахаас урьдчилан сэргийлэх, импорт, экспортын бүх төрлийн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн, эм биобэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл, лабораторийн эм урвалж болон химийн хорт, аюултай бодисын аюулгүй байдлыг ханган ажилласан талаараа мэдээлэл хийлээ. 

Оны эхний таван сард Улаанбаатар хотын 13 гүний гаалийн хяналтын бүсээр нэвтэрсэн /давхардсан тоогоор/ 3,166 аж ахуйн нэгжийн 129,379.5 тн, 448,961 ширхэг түүхий эд, бүтээгдэхүүнд хяналт тавьж, 33 зөрчил илрүүлэн 38 сая төгрөгийн шийтгэл ногдуулж шийдвэрлэсэн байна.

Эрүүл ахуй, хүнсний чанар стандартын хяналтын чиглэлээр давхардсан тоогоор 1,652 аж ахуйн нэгжийн боловсруулсан хүнс, мал эмнэлгийн хяналтын чиглэлээр 396 аж ахуйн нэгжийн түүхий эд, бүтээгдэхүүн, ургамлын хорио цээрийн хяналтын чиглэлээр 664 аж ахуйн нэгжийн ургамал, ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн, байгаль орчны хяналтын чиглэлээр 156 аж ахуйн нэгжийн химийн хорт болон аюултай бодис, эм биобэлдмэлийн хяналтын чиглэлээр 298 аж ахуйн нэгжийн эм биобэлдмэл, лабораторийн эм урвалж бодис, эмнэлгийн хэрэгсэлд байнгын хяналт шалгалт хийж дараах зөрчлийг илрүүлэн арилгуулж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлжээ. Үүнд,

  1. “АБТЕМА” дахь гүний гаалийн хяналтын бүсээр БНЭУ-аас импортлосон 2 нэр төрлийн, нийт 105,693,342 төгрөгийн эм нь Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лабораторид хими, бактерлогийн шинжилгээнд хамруулахад эерэг сорьц илэрсэн.
     
  2. “Туушин” дахь гүний гаалийн хяналтын бүсээр Нидерланд улсаас импортлосон 1 нэрийн, 17,530,000 төгрөгийн эм нь Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лабораторид хими, бактерлогийн шинжилгээнд хамруулахад эерэг сорьц илэрсэн.
     
  3. “Монгол шуудан” дахь гүний гаалийн хяналтын бүсээр БНЭУ-аас тусгай зөвшөөрөлгүй, эм импортлох лицензгүй, Монгол Улсад бүртгэлгүй, бүртгэлийн загвараас зөрүүтэй 4 нэрийн, 376,000 төгрөгийн эм, Нидерланд улсаас Монгол Улсад бүртгэлгүй 6 нэрийн 14.6 кг биологийн идэвхт бүтээгдэхүүн, Итали улсаас импортын лицензгүй, МУ-д бүртгэлгүй эм, эмнэлгийн хэрэгсэл, Польш улсаас Монгол Улсад бүртгэлгүй 7 нэрийн 1.93 кг биологийн идэвхт бүтээгдэхүүн тус тус импортолсон.
     
  4. “Интердисежн” дахь гүний гаалийн хяналтын бүсээр БНСУ-аас 9 нэрийн, 12,972,300 төгрөгийн эмийг тусгай зөвшөөрөлгүй, эм импортлох лицензгүй, Монгол улсад бүртгэлгүй, бүртгэлийн загвараас зөрүүтэй эм импортлосон. Дээрх зөрчлүүд нь Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 15 дугаар зүйл, Зөрчлийн тухай хуулийн 6 дүгаар зүйлийн 9.2 дахь заалтуудыг зөрчсөн тул илэрсэн зөрчилтэй холбогдуулан нийт 16 нэрийн, 136,571,642 төгрөгийн эмийг улсын /ахлах/ байцаагчийн актаар хураан авч, Захиргааны журмаар эд зүйл хураах, улсын орлого болгох, үнэлэх, устгах үйл ажиллагаанд хяналт тавьж, хэрэгжилтийг хангуулах үүрэг бүхий орон тооны бус зөвлөлд шилжүүлж болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийллээ. 
     
  5. “Материал Импекс” дэх гүний гаалийн хяналтын бүсээр хүнсний бүтээгдэхүүний тээвэрлэлтийн горим зөрчсөн, чанар, аюулгүй байдлын шаардлага хангахгүй болсон 13 нэр төрлийн, 7.6 тн, 5,320 ширхэг, 114 сая төгрөгийн дарсанд улсын байцаагчийн дүгнэлт үйлдэж, гаалийн 901 горимоор устгуулсан.
     
  6. Тээвэрлэлтийн горим зөрчсөн, чанар, аюулгүй байдлын шаардлага хангахгүй болсон “VIDAN” ХХК-ийн Польш улсаас импортолсон 19.8 тн, 59.4 сая төгрөгийн, “И ЭС ЭМ ПИ” ХХК-ийн 15 тн, 45 сая төгрөгийн, нийт 218.4 сая төгрөгийн алимыг тус тус улсын байцаагчийн дүгнэлт үйлдэж, гаалийн 901 горимоор устгаж ажилласан.
     
  7. 2018.04.26-ны өдөр “АБТЕМА” дахь гүний гаалийн хяналтын бүсээр Польш улсаас импортолсон 1 нэрийн, 790 кг, 50 хайрцаг, 600 ширхэг, 2 сая төгрөгийн даршилсан байцаа нь 2018 оны 06 дугаар сарын 12-нд үйлдвэрлэсэн гэсэн огноотой импортлогдсон тул буцаах мэдэгдэл өгсөн.
     
  8. Нийт 672 тээврийн хэрэгсэл бүхий 43,760 тн хүнсний улаан буудай импортлогдсоноос дээж авч, ХАБҮЛЛабораторийн шинжилгээнд хамруулахад гадаад хорио цээртэй хортон шавж, хог ургамалын үр, өвчин илрээгүй.