Дулааны улирал эхэлж, дээр нь төгсөлтийн баяр давхацдаг энэ үед архидан согтуурах явдал газар авдаг. Уг байдал нь хөдөлгөөний аюулгүй байдалд мөн сөргөөр нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл байгууллага, анги хамт олон, найз нөхдөөрөө нийлэн амралт зугаалгаар явахдаа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, техникийн хувьд бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцох, олон хүнийг нэг дор тээвэрлэж явах үедээ замын хөдөлгөөний дүрэм зөрчих зэрэг үйлдлээс шалтгаалж ноцтой зам тээврийн осол, хэрэг гарах эрсдэлтэй байдаг.
Хамгийн сүүлийн жишээнээс дурдахад энэ сарын 8-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг Гэгээ хүнсний дэлгүүрийн уулзварт 30 гаруй хүүхэд тээвэрлэж явсан Daewoo маркийн автобус нь North benz маркийн ачааны автомашинтай мөргөлдөж гурван том хүн, таван хүүхэд гэмтсэн осол гарсан.
Мөн 2018.05.12-ны өдөр ХУД-ийн нутагт төгсөх ангийн 30 гаруй хүхдийг тээвэрлэж явсан Хүүхдийн автобусны жолооч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргасан зэрэг ноцтой зөрчил, хэргүүд бүртгэгдсэн.
Эх сурвалж: ЗЦА