Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/16-НД НИЙТЛЭГДСЭН

"Агаарын тээврийг хялбаршуулах" үндэсний хөтөлбөрийн дагуу гадаад паспортыг сунгахгүй байгаа

Б.Төгөлдөр
2018 оны 5 сарын 16
MorninigNews.mn
Зураг зураг

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж дэмжсэн. Бүртгэлийн байгууллагын үйл ажиллагааг түргэн, шуурхай хүртээмжтэй болгож цахимжуулах зорилгоор Засгийн газар уг хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийн төсөлд улсын бүртгэлийн нэгдсэн тогтолцоо, байгууллагын чиг үүрэг, удирдлагын бүрэн эрх, үйл ажиллагааны хяналт, иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн төрлүүд, мэдээллийн сантай холбоотой харилцааг зохицуулах заалтуудыг нарийвчлан тусгасан хэмээн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулж байлаа. Мөн иргэний хувийн мэдээллийг цахим иргэний үнэмлэхийн санах ойд тэмдэглэх, уг мэдээллийг хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хийхэд ашиглах, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагаас үйлчилгээ авах боломжтой байх зэрэг зохицуулалт тусгажээ.

Энэхүү төслийг энэ оны нэгдүгээр сард УИХ-ын чуулганаар хэлэлцсэн ч нарийвчлан боловсруулах шаардлагатай хэмээн үзэж, Засгийн газарт буцаасан билээ. Тиймээс Засгийн газраас УИХ-ын гишүүдийн өгсөн санал, дүгнэлтэд тулгуурлан хуулийн төслийг нарийвчлан боловсруулж, дахин өргөн мэдүүлсэн аж. Хуралдааны үеэр үеэр зарим гишүүний хэлснийг тоймлон хүргэж байна.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: -Ашгийн төлөө бус үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад хуулийн хүрээнд ямар дэмжлэг үзүүлж байна вэ.Бүртгэлийн байгууллагын мэдээллийн сангийн 42 программын лицензийн хугацаа дууссан талаар хуулийн төслийн танилцуулгад дурдсан байна. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

Ажлын хэсгийн гишүүн: -Бүртгэлийн байгууллага иргэний, эд хөрөнгийн болон хуулийн этгээдийн бүртгэлийг хийхдээ нотлох баримт буюу цаасан мэдээлэл болон цахим мэдээллийн санг бүрдүүлдэг. 2016-2017 онд эдгээр бүртгэлийн нэгдсэн сүлжээний программ хангамжид үнэлгээ хийж, 42 системийг нэгтгэх ажлын зохион байгуулалт хийсэн. Энэ ажлыг бүрэн гүйцэлдүүлэхэд хөрөнгө оруулалт шаардлагатай байна.

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр: -Ашгийн төлөө бус үйл ажиллагаа явуулдаг компани болон нийтэд тустай үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын үйл ажиллагааг зохицуулах заалт өнгөрсөн хугацаанд байгаагүй. Ашгийн төлөө бус байгууллагуудыг дэмжихэд татварын асуудал хамт яригддаг. Энэ асуудлуудыг шийдвэрлэх боломжийн талаар ХЗДХЯ-наас судалгаа хийж байгаа.

Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувь дэмжиж, хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр болов. Мөн хуралдаанаар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж дэмжсэн юм. Энэ үеэр УИХ-ын гишүүд “Гадаад паспортын сунгалтыг албан ёсоор зогсоохоос өмнө сунгалт хийлгэсэн зарим иргэнийг зарим орны хилээр нэвтрүүлэхгүй байгаа тухай мэдээлэл гарах болсон. Тиймээс энэ чиглэлээр гадны орнууд болон иргэдэд танилцуулга, мэдээлэл хүргэх нь чухал” гэдгийг дурдаж байлаа.

Дээрх асуудалд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр “Гадаад паспорт тулгамдсан асуудлын нэг юм. Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсэг хоёр гурван удаа хаалттай журмаар уг асуудлыг хэлэлцсэн. Энэ талаар мэдээллийг зохих горимынх нь дагуу дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөд бэлэн” гэв.

Харин ажлын хэсгийн төлөөлөгч “Засгийн газраас баталсан “Агаарын тээврийг хялбаршуулах” үндэсний хөтөлбөрт “машинаар уншигдахгүй гадаад паспортыг 2015 оны арваннэгдүгээр сараас бүрэн хасна" гэж заасан байдаг. Энэ дагуу 2018 оны нэгдүгээр сарын 2-ноос гадаад паспортын сунгалт хийхгүй байгаа. Энэ хүрээнд бүртгэлийн байгууллагад 100 мянган иргэний гадаад паспортын захиалга ирсэн. Тооцоогоор бол 381 мянган хүн сунгалттай гадаад паспорт хэрэглэж байна” гэв.

Зураг