Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/16-НД НИЙТЛЭГДСЭН

Тэрбумтан Майкл Блүүмбэрг Давосын чуулганы өрсөлдөгчийг бий болгоно

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 5 сарын 16
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын тэрбумтан Майкл Блүүмбэрг одоо Швейцарийн Давост жил бүр болдог Дэлхийн Эдийн Засгийн Чуулгантай өрсөлдөхүйц шинэ чуулганыг бий болгож байгаагаа зарлажээ.

Тэр энэхүү арга хэмжээгээ New Economy Forum буюу Шинэ Эдийн Засгийн Чуулган гэж нэрлэж байгаа бөгөөд бараг бүхэлдээ Хятадын эдийн засгийн өсөлт, түүний АНУ болон дэлхийд үзүүлэх нөлөөний талаар хэлэлцдэг байх гэнэ.

“Давос олон жил үргэлжлэхдээ дэлхий нийтийн маш олон асуудлыг хэлэлцдэг болсон. Харин манай чуулган Хятадын хөгжил, түүнтэй дэлхий нийт хэрхэн алхаагаа нийлүүлж, хамтарч ажиллах талаар голлон хэлэлцдэг байх юм” гэж Блүүмбэрг “Financial Times”-т ярьжээ.

“Хятад, АНУ-ын харилцааг ойлгох нь дэлхий нийтийн хөгжил, тогтвортой байдлын суурь нөхцөл болох юм. Үгүй бол бид дэлхийг олон хэсэгт хувааж, дэлхийн нэгдүгээр дайны өмнөх шиг нөхцөл байдалд хүргэнэ” гэж тэр тайлбарласан байна. Түүний энэ төсөл АНУ-Хятадын хооронд худалдааны дайн дэгдэхийн ирмэгт тулаад байгаа үед эхэлж байгаагаараа онцлог болж байгаа юм.

Блүүмбэргийн төсөлд Хятадын талаар мэргэшсэн хүмүүс болох АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга асан Хенри Киссинжер, санхүүгийн хямралын үед АНУ-ын сангийн сайд байсан Хэнк Полсон нар тусалж байгаа гэнэ.

Тэр бас Хятадын тинк танк байгууллага болох “China Center for International Economic Exchanges”-тай хамтран ажиллаж байгаа ажээ.

Шинэ чуулганы эхний арга хэмжээ ирэх арваннэгдүгээр сард Бээжинд болохоор төлөвлөгджээ. Давос нь жил бүрийн нэгдүгээр сарын гурав дахь долоо хоногт болдог юм.

 

Эх сурвалж: Financial Times