Засгийн газар мал аж ахуйн салбарыг тогтвортой хөгжүүлэх, иргэдээ чанартай, баталгаатай хүнсээр хангаж, “Хүнс экспортлогч улс” болох зорилт тавьсан.
Энэ хүрээнд “Малын өвчнөөс урьдчилан сэргийлэх, малын үржүүлэг, селекцийн ажил, үйлчилгээ”-г жил бүрийн 05 дугаар сарын 01-нээс 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл орон даяар явуулахаар шийдвэрлэсэн юм.
Хөвсгөл аймагт болсон “Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээ-2018” нээлтэд Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин оролцов.
Тэрээр малчдын амьжиргааны эх үүсвэр болсон мал сүргээ ямар нэгэн өвчингүй өсгөн үржүүлж, ашиг шимийг нь хүртэх чиглэлээр Засгийн газар, аймаг, орон нутаг, мэргэжлийн байгууллага, малчид, ард иргэд идэвх санаачилгатай, хариуцлагатай ажиллах ёстойг тэмдэглэж, бүх нийтээрээ оролцохыг уриалав.
Мөн Засгийн газар мал аж ахуйн үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх хууль, эрх зүйн таатай орчин бүрдүүлэх, шинжлэх ухааны ололт, шинэ технологи нэвтрүүлэх, олон улсын тэргүүлэх туршлагыг нутагшуулахад онцгой анхаарч байгааг хэллээ.
Хөвсгөл аймаг энэ жил 810 мянга гаруй мал, амьтныг 17 нэрийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд хамруулахаар төлөвлөсөн байна.
Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин мөн Хөвсгөл аймагт мал эмнэлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд вакцин, био бэлдмэл хүлээлгэн өгөв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.