Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/16-НД НИЙТЛЭГДСЭН

Хойд Солонгос Трамп-Кимийн уулзалтыг цуцална гэж сүрдүүллээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 5 сарын 16
iKon.MN
Зураг зураг

АНУ-Өмнөд Солонгосын хамтарсан цэргийн сургуулилалт үргэлжилсээр байгаагаас шалтгаалан ирэх сард болохоор төлөвлөгдсөн Дональд Трамп, Ким Жон Ун нарын дээд хэмжээний уулзалтыг цуцална гэж Хойд Солонгосын засгийн газар сүрдүүлснийг Ёнхап агентлаг өчигдөр мэдээллээ.

Тэд “Удахгүй болохоор төлөвлөгдсөн Хойд Солонгос-АНУ-ын дээд хэмжээний уулзалтад саад тотгор учруулахгүйн тулд одоо өрнөж байгаа өдөөн хатгасан цэргийн ажиллагааныхаа талаар бодолцох хэрэгтэй”-г Вашингтонд анхааруулсан байна.

Өнөөдөр буюу Лхагва гарагт хоёр Солонгосын талууд хилийн Панмунжом тосгонд ээлжит хэлэлцээр хийх байсан ч Хойд Солонгосын тал дээрх шалтгааны улмаас цуцалсан гэнэ.

“Max Thunder” нэртэй хамтарсан цэргийн сургуулилалт нь тавдугаар сарын 11-нд эхэлсэн бөгөөд хоёр долоо хоног үргэлжлэх юм. Уг ажиллагаа жил бүр зохион байгуулагддаг ба АНУ, Өмнөд Солонгосын байлдааны нисэх онгоцнууд, 1,500 орчим агаарын хүчний цэрэг оролцдог ажээ.

Дээрх мэдэгдэл нь АНУ-ын талд гэнэтийн цочир үйл явдал болсон бололтой. Пентагоны хэвлэлийн төлөөлөгч одоогоор цэргийн ажиллагааг зогсоох төлөвлөгөөгүй гэдгээ мэдэгдсэн байна. АНУ-ын төрийн департментын төлөөлөгч Хидер Науэрт “Бидэнд одоогоор мэдээлэл алга. Шалгах хэрэгтэй” гэж сэтгүүлчдийн асуултад хариулжээ.

Цагаан ордны төлөөлөгч мөн энэ талаар мэдээлэлгүй байгаагаа илэрхийлээд “Хойд Солонгосын тал яг ямар мэдэгдэл гаргасныг шалгаад холбоотнуудтайгаа ярилцах болно” гэсэн байна.

 

Эх сурвалж: Business Insider