Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/15-НД НИЙТЛЭГДСЭН

АмЧам Монголын V сарын ээлжит бизнес уулзалтад хувийн хэвшил, ОУ-ын байгууллагын удирдлагууд оролцож хэлэлцүүлэг өрнүүллээ

ikon.mn
2018 оны 5 сарын 15
iKon.MN

2018 оны 5-р сарын 15-ны өдөр Монгол дахь Америкийн Худалдааны Танхимаас (АмЧам Монгол) зохион байгуулсан сар бүрийн Бизнес уулзалтад хувийн хэвшлийн болон олон улсын байгууллагын удирдлагууд оролцлоо.

Шангри Ла зочид буудалд болсон тус уулзалтын панел хэлэлцүүлэгт Bloomberg TV Mongolia-гийн гүйцэтгэх захирал Э.Долгион, Европын Сэргээн босголт, хөгжлийн банкны (ЕСБХБ) Монгол дахь суурин төлөөлөгч Ирина Кравченко, Саусгоби Сэндс ХХК-ийн ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал Ч.Мөнхбат, Монполимет группийн гүйцэтгэх захирал Н.Мөнхнасан болон Porsche Mongolia-гийн захирал Russell Whitlow нар уригдан оролцож, санал бодлоо хуваалцлаа.

Уулзалтад АмЧамын гишүүн байгууллагуудын төлөөлөл, дотоод болон гадаадын бизнесийн төлөөлөгчид, мөн гадаад улсын дипломат төлөөлөгчийн газруудаас зочид хүрэлцэн ирж панелистуудын санал бодлыг сонсож сонирхсон асуултандаа хариулт авлаа.

 

АмЧамын ТУЗ-ийн дарга Стив Поттер уулзалтыг нээж хэлсэн үгэндээ:

“АмЧам нь хүчирхэг, өрсөлдөх чадвар бүхий хувийн хэвшил нь эдийн засгийн хөгжлийн үндэс суурь мөн гэж үздэг бөгөөд бидний үйл ажиллагааны үндсэн чиглэлүүдийн нэг нь эдийн засгийн төрөлжилтийг хөхүүлэн дэмжих юм. Тиймээс ч Монгол улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар хувийн хэвшлийн дуу хоолойг сонсох нь тун чухал ач холбогдолтой” гэв.

Саусгоби Сэндс ХХК-ийн ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал Ч.Мөнхбат Монголын эдийн засгийн талаар үзэл бодлоо илэрхийлэхдээ

“Одоогийн байдлаар улс орны эдийн засаг тогтвортой байна гэж үзэж байна. Ирээдүйн хувьд гэвэл, БНХАУ-д Монгол нүүрс өрсөлдөх чадвар сайтай тул 2020 он хүртэл нүүрсний үнэ тогтвортой байж экспортоороо улсдаа хувь нэмрээ оруулах байх гэж найдаж байна” гэлээ.

ЕСБХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгч Ирина Кравченко

“ЕСБХБ нь Монгол улс дахь үйл ажиллагаагаа тэлэхийг оролдож байгаа боловч тогтвортой засгийн газар, дотоод болон гадаад хөрөнгө оруулалтын гэрээнүүдийн дагуу хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхтэй холбоотой асуудал зэрэг нь шинээр хөрөнгө оруулалт татахад бэрхшээл үүсгэж байна. Гэвч бид итгэл найдвар дүүрэн байна, макро эдийн засгийн тогтвортой байдал болон бизнесийн орчин сайжирна гэдэгт найдаж байгаа” дүгнэн хэлэв.

Барилгын салбарын төлөөлөл болох Монполимет группийн гүйцэтгэх захирал Н.Мөнхнасан эдийн засгийн өнөөгийн байдлын талаар

“Барилгын салбарт эерэг хандлага гарч байна. Ирэх хоёр жилд барилгын салбар хоѐр оронтой тоогоор өсөх байх гэсэн төсөөлөлтэй байгаа” хэмээн саналаа хуваалцлаа.

Bloomberg TV Mongolia-гийн гүйцэтгэх захирал Э.Долгионы хувьд

“Одоогоос хоёр сарын дараа гэхэд эдийн засаг хэрхэх вэ гэдгийг мэдэх боломжгүй байхад ирэх нэг, хоёр жилд эдийн засаг ямар байх талаар санал хэлэхэд хэцүү байна” хэмээн эдийн засгийн талаар бодлоо илэрхийллээ.

Porsche Mongolia-гийн захирал Russell Whitlow панел хэлэлцүүлгийн үеэр

“Миний хувьд ойрын ирээдүйд өсөлт, найдвар, боломж бүгдийг харж байна. Porsche Mongolia-гийн урт хугацааны стратеги нь гадаадын мэргэжилтнүүдийг Монголд урьж ажиллуулах явцдаа Монгол ажилтнуудаа хангалттай сургаж улмаар гадаад мэргэжилтнүүдгүйгээр үйл ажиллагаа явуулдаг болгох юм” хэмээлээ.

АмЧам Монголын тухай


АмЧам Монгол нь АНУ-Монгол Улс хоорондын бизнесийн түншлэлийг өргөжүүлэх, бэхжүүлэх, эрх ашгийг нь хамгаалах болон Америкийн хөрөнгө оруулалтыг Монголд татах чиглэлээр ажилладаг бие даасан, гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага юм.
АмЧам Монгол нь 3 сая гаруй гишүүдтэй дэлхийн хамгийн том бизнесийн холбоонд тооцогддог Америкийн Худалдааны Танхимын албан еёсны салбар юм. Мөн АмЧам Монгол нь Ази Номхон далайн 29 орнуудын Америкийн худалдааны танхимуудыг нэгтгэдэг Ази Номхон далайн орнуудын Америкийн Худалдааны Танхимуудын Зөвлөл байгууллагын гишүүн юм.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.