Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/15-НД НИЙТЛЭГДСЭН

Докдо арлыг булаацалдахаа зогсоохыг Өмнөд Солонгос Японоос шаардлаа

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 5 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр Өмнөд Солонгосын засгийн газар тус улсын зүүн тэнгисийн усанд оршдог Докдо арлын харьяаллын талаар маргалдахаа зогсоохыг Япон улсаас албан ёсоор шаардлаа.

Японы засгийн газраас жил бүр гаргадаг дипломат бодлогын баримт бичигт уг арлыг өөрийн газар нутаг гэж саяхан тодорхойлсон юм.

Удаа дараа Докдо арлын эзэмшлийн талаар маргаж байгаа нь хоёр орны цаашдын хамтын ажиллагаанд саад болно гэдгийг Өмнөд Солонгосын гадаад явдлын яамны мэдэгдэлд анхааруулсан байна.

Хоёр улсын дунд тэнгисийн усанд оршдог хос хадан арлыг Өмнөд Солонгос хяналтандаа байлгадаг хэдий ч Японы тал өөрийн газар нутаг гэж маргасаар ирсэн түүхтэй.

Эсэргүүцлийг Сөүлд суугаа Японы элчин сайд Коичи Мизушимаг дуудаж гардуулсан байна. Уулзалтын үеэр мөн хоёр улсын дунд байдаг тэнгисийг Өмнөд Солонгосын нэрлэдэг “Зүүн Тэнгис” гэсэн нэрээр нэрлэж, Японы талыг өөрөөр нэрлэхгүй байхыг шаарджээ.

Япончууд уг тэнгисийг “Япон тэнгис” гэж нэрлэдэг юм.

Японы өгсөн нэрийг 1910-1945 оны колоничлолын үед бий болсон нэр, харин солонгосчууд уг тэнгисийг 2,000 гаруй жилийн хугацаанд “Зүүн тэнгис” гэж нэрлэж ирснийг гадаад явдлын яам сануулсан байна.

Токиогийн гадаад бодлогын баримт бичгийн 2017 оны хувилбарт Японы засгийн газар Өмнөд Солонгосыг “стратегийн сонирхол нэгтэй чухал хөрш” гэж тодорхойлж байсан бол энэ оны хувилбараас уг тодорхойлолтыг хасжээ.

Хэдийгээр Солонгосын хойгт харилцан ойлголцол бий болох үйл явц амжилттай эхэлсэн ч Өмнөд Солонгос-Японы харилцаа сайнгүй хэвээр байх нь өнөөдрийн үйл явдлаас харагдаж байна.

 

Эх сурвалж: Yonhap News