Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/15-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улсын насанд хүрсэн хүн амын 51.2% нь архийг байнга хэтрүүлэн хэрэглэдэг гэв

Т.Саран, iKon.mn
2018 оны 5 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Манай улсын насанд хүрсэн хүн амын 51.2 хувь нь архийг байнга хэтрүүлэн хэрэглэдэг гэсэн судалгааг  Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвөөс танилцуулсан юм.

Тус төвөөр жилдээ 7,000 орчим архинд донтох эмгэгтэй хүмүүс үйлчлүүлдэг байна. 

Насанд хүрэгчдийн 13.6 хувь (эрэгтэйчүүдийн 22 хувь, эмэгтэйчүүдийн 5 хувь) нь архинд донтох эмгэгтэй байгаа нь 1997 онд хийгдсэн судалгаанаас хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлт ажээ.

Архи нь хараат байдал үүсгэх нөлөөтэй сэтгэц идэвхт бодис бөгөөд архины хортой үр дагавар өгөхүйц хэрэглээний улмаас дэлхий даяар жилд 3.3 сая хүн нас бардаг бол нийт нас баралтын 5.9 хувийг архины шалтгаант эмгэгүүд эзэлж байна.

Cогтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн төслийг Хууль зүй, Дотоод хэргийн яамнаас УИХ-д энэ сарын 11-ний өдөр өргөн бариад байгаа бөгөөд энэ хууль ямар учиртай болохыг тодрууллаа. 

Монгол Улсад 1961 оноос эхлэн архинд донтох өвчтэй иргэдийг албадан эмчилж эхэлсэн бөгөөд Cогтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хууль 2000 онд батлагдсанаас хойш 4 удаа нэмэлт, өөрчлөлт оржээ.

Энэ удаагийн өргөн баригдсан хуулийн төслийн онцлох заалтаас дурдвал,

  • Албадан эмчлүүлж байгаа хүн анх удаа хэвтэж байгаа бол 3-6 сар, давтан хэвтэх бол 6 сараас 1 жил хүртэлх хугацаанд хэвтэж эмчлүүлнэ
  • Сайн дураараа эмчилгээ хийлгэх хүсэлтээ бичгээр гаргасан нөхцөлд албадан эмчилгээнд явуулахгүй байх
  • Тухайн хүнийг албадан эмчлүүлэх хүсэлтийг ар гэрээс гадна, харьяа газрынх нь цагдаагийн ажилтан гаргах эрхтэй
  • Тодорхой мэргэжилгүй, ажилгүй эмчлүүлэгчдэд албадан эмчлүүлэх хугацаанд ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтыг явуулж болно гэжээ.

ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг энэ талаар "Сүүлийн 15 жилийн судалгаагаар 290-1,000 орчим хүнийг жилд албадан эмчилсэн тооцоо байдаг.

Гэр бүл болон орчин тойрондоо аюултай нөхцөл байдал үүсгэчихээд сайн дурын үндсэн дээр албадан эмчлүүлэхгүй гэж үзвэл ар гэрийн болон цагдаагийн хүсэлтийн дагуу шүүхээр оруулаад, шүүх тухайн хүнийг зайлшгүй албадан эмчлэх шаардлагатай гэж үзвэл эмчилгээнд явуулах юм. Гэхдээ согтуурах, мансуурах донтой хүн сайн дурын үндсэн дээр эмчлүүлэх бүрэн бололцоо нээлттэй байгаа" гэдгийг онцолж байв.

Судалгаагаар 2014 онд 1,229, 2015 онд 1,105, 2016 онд 1,254, 2017 онд 1,389 хүн архинд донтох эмгэгийн улмаас хэвтэн эмчлүүлжээ.

График 1, Архинд донтох эмгэгтэй хэвтэн эмчлүүлэгсэд

Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуульд албадан эмчлэх зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэхээр зохицуулж байгааг хуулийн төсөлд хэвээр үлдээжээ.

Судалгаанаас үзэхэд бусад орны хууль тогтоомжид согтуурах, мансуурах донтой хүн энэхүү өвчин эмгэгээсээ болж өөрийн болон ойр дотны хүмүүстээ аюул учруулах эрсдэл бий болсон нөхцөлд албадан эмчилгээнд хамруулах үндэслэл болдог байна. Тиймээс ч манай улс энэхүү жишгийг дагах зайлшгүй шаардлагатай болоод байгаа юм.  Улсын хэмжээнд 2017 онд 32,259 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 4,012 буюу 12.4 хувь нь согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг эзэлж байна.

Мөн өөртөө хяналт тавьж чадахгүй, өөрийн ухамсраар донтох өвчнөөс ангижрах эмчилгээнд хамрагдах талаар шийдвэр гаргаж чадахгүй болсон нөхцөлд түүнийг албадан эмчилгээнд хамрагдах ёстой гэж мэргэжлийн байгууллага үзэж холбогдох хуулийг ийнхүү өөрчлөх шаардлагатай болжээ.