Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/15-НД НИЙТЛЭГДСЭН

3 сартайгаас 9 настай нэг айлын таван хүүхэд гэртэйгээ шатжээ

Т.Саран, iKon.mn
2018 оны 5 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хууль зүй, дотоод хэргийн яам, Байгаль Орчин Аялал Жуулчлалын Яам, Цагдаагийн Ерөнхий Газар, Онцгой Байдлын Ерөнхий Газар хамтран Дэлхийн байгаль хамгаалах өдрийг угтаж "Байгалиа хамгаалъя" аяныг өнөөдрөөс эхлэн 20 хоногийн хугацаатай зохион байгуулахаар болжээ. Аяны хүрээнд хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх ажлын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

ОБЕГ-ын гал түймэртэй тэмцэх газрын гал унтраах хэлтсийн дарга хошууч Г.Галбадрах "2018 он гарсаар 12 аймгийн 29 суманд нийтдээ 39 удаагийн ой хээрийн түймэр гарсан.

Уг ой хээрийн түймэрт 8,000 га ой, 38,000 га хээрийн бүс өртсөн. Энэ онд гарсан түймрийг өнгөрсөн мөн үетэй харьцуулахад түймрийн тоо 27.7 хувиар буурсан байна. 3 дугаар сарын 15-наас 6 дугаар сарын 15 хуурайшилтын улирал байдаг.

Сүүлийн үед ой хээрийн түймэр нэмэгдэж байна. Энэ жил олон жилийн дунджаас 0.5-1.5 градусаар илүү халах төлөвтэй байгаа. Бага насны хүүхдүүд объектын гал түймэрт их өртөж байна. 

Тухайлбал саяхан Ховд аймагт 3 сартайгаас 9 настай нэг айлын 5 хүүхэд гэртээ шатаж нас барсан харамсалтай хэрэг гарсан. Мөн энэ сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүрэгт 50-56 насны дөрвөн иргэн объектын гал түймэрт өртсөн. Иргэд бага насны хүүхдүүддээ анхаарал хандуулж, харгалзах хүнгүйгээр гэрт нь үлдээхгүй байх хэрэгтэй" гэлээ.

Байгаль орчны эсрэг гэмт хэрэг сүүлийн 3 жилийн хугацаанд өссөн

 
Гэрэл зургийг mpa.mn

БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр "Урин цаг ирсэнтэй холбоотой хүрээлэн буй орчны эсрэг зарим гэмт хэргийн тоо ихэсдэг. Үүнтэй холбогдуулан аль болохоор гэмт хэргийн үйлдлийг сааруулах таслан зогсоох чиглэлээр ХЗДХЯ, ЦЕГ, ОБЕГ, БОАЖЯ сарын хугацаанд хамтран ажиллаж, тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөж байна.

Байгаль орчны эсрэг гэмт хэрэг сүүлийн 3 жилийн хугацаанд өссөн. Ялангуяа 2018 оны 4 дүгээр сарын байдлаар байгаль орчны эсрэг 113 гэмт хэрэг үйлдэгдсэн байна.

Үүнийг өнгөрсөн онтой харьцуулбал 51 хувиар өсжээ. Тиймээс байгаль орчны эсрэг гэмт хэргийг бууруулахад хамтын ажиллагааны үр дүн чухал байна" гэлээ.

Хууль бусаар мод бэлтгэх, ашигт малтмал олборлох гэмт гэмт хэрэг түгээмэл үйлдэгддэг

 
Гэрэл зургийг mpa.mn

ЦЕГ-ын мөрдөн байцаах албаны хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга дэд хурандаа Н.Эрдэнэбилэг "Сүүлийн 5 жилийн байдлаар цагдаагийн байгууллагад жилд дунджаар 22 мянгаас 30 орчим мянган гэмт хэрэг бүртгэгддэг.

Үүнээс Эрүүгийн хуулийн 24-р бүлэгт заасан хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг сүүлийн 5 жилийн байдлаар нь авч үзвэл 2013 онд 337, 2014 онд 287, 2015 онд 228, 2016 онд 165, 2017 онд 330 гэмт хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа тус тус явуулжээ.

Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргүүдээс хамгийн түгээмэл үйлдэгддэг нь хууль бусаар мод бэлтгэх, ашигт малтмал олборлох гэмт гэмт хэрэг байна" гэв.