Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/15-НД НИЙТЛЭГДСЭН

ДЭМБ транс тосыг таван жилийн дотор хоол хүнснээс хасах төлөвлөгөө зарлалаа

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 5 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага ирэх таван жилийн дотор транс тосыг дэлхий нийтийн хоол хүнсний нийлүүлэлтээс хасах төлөвлөгөөг Даваа гарагт зарлажээ.

НҮБ-ын харьяа тус байгууллага өмнө нь халдварт өвчнийг арилгах төлөвлөгөө зарладаг байсан бол одоо өвчлөлд хүргэдэг аюултай бодисыг устгах төлөвлөгөө зарлаж байгаа нь энэ юм.

Дэлхийн хүн амд жил бүр тохиолддог түгээмэл үхлийн шалтгаануудын нэгийг ДЭМБ транс тос гэж үзсэн байна. Жил бүр 500,000 гаруй хүн транс тосны хэрэглээнээс шалтгаалан амиа алддаг гэж мэдэгдэлд дурджээ. Транс тосыг голдуу гурилан бүтээгдэхүүн, хагас боловсруулсан хүнсэнд ашигладаг.

Женев хотод өчигдөр болсон хэвлэлийн хурал дээр ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адханом Гебрэйсус “Нөхцөл байдал ноцтой түвшинд хүрээд байгаа тул өнөөдрөөс эхлэн бидний тэмцлийн нэг гол цэг энэ болж байна” гэж мэдэгджээ.

Дэлхийн олон оронд транс тостой хийх тэмцэл нэгэнт эхэлсэн тул таван жилийн хугацааг хангалттай гэж тэд үзсэн байна. Жишээ нь Дани улс транс тосыг 15 жилийн өмнөөс хориглож эхэлсэн бол АНУ зэрэг 40 гаруй оронд янз бүрийн хязгаарлах арга хэмжээ авч эхэлжээ.

 

Эх сурвалж: Time.Com