Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/15-НД НИЙТЛЭГДСЭН

Үнэт цаасны төлбөр тооцооны Т+2/3 горимд шилжихэд шаардлагатай журмуудыг боловсруулж СЗХ-нд хүргүүлжээ

Б.Ану
2018 оны 5 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Монголын Хөрөнгийн Бирж,

Үнэт цаасны зах зээлийг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэхэд “төлбөрийн эсрэг нийлүүлэлт” зарчимд суурилсан төлбөр тооцооны Т+2/3 горимыг эргэн нэвтрүүлэх ажил нэн тулгамдаад байгаа талаар Монголын Хөрөнгийн Бирж мэдээлж байгаа юм. 

Тус ажлын хүрээнд 2017 оны дөрөвдүгээр сард "Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-иар ахлуулсан ажлын хэсгийг "Арилжааны төлбөр тооцоо" ХХК , "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК болон Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны бүрэлдэхүүнтэй байгуулж, “төлбөрийн эсрэг нийлүүлэлт” зарчимд суурилсан Т+2/3 горимыг хэрэгжүүлэхээр ажиллаж эхэлсэн байна.

Энэхүү ажлын хэсгийн хүрээнд,  үнэт цаасны төлбөр тооцооны Т+2/3 горимд шилжихэд шаардлагатай 6 багц журмыг шинээр боловсруулан нийт гишүүн үнэт цаасны компаниудад танилцуулж хэлэлцүүлсэн бөгөөд 2018 оны тавдугаар сарын 11-ний өдөр эдгээр журмын төслийг батламжлуулахаар Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлжээ. 

Шинэчлэгдсэн журмууд батлагдсанаар:

  • урьдчилсан төлбөрт системийг халж дараа төлбөрт системд шилжих,
  • “Арилжааны төлбөр тооцоо” ХХК нь анхдагч болон хоёрдогч зах зээлийн төлбөр тооцоог гүйцэтгэдэг болох, 
  • тооцооны гишүүнчлэлийг бий болгох, 
  • зах зээлийг эрсдлээс хамгаалах зорилго бүхий Төлбөрийн баталгааны санг үүсгэн байгуулах зэрэг гол өөрчлөлтүүд зах зээлд хэрэгжиж эхлэх юм байна. 

Ингэснээр олон улсын мэргэжлийн хөрөнгө оруулагчдын гарц нээгдэх, Монгол улс олон улсад танигдсан "Фронтиер" зах зээлийн зэрэглэлтэй болж, олон улсын жишгийн дагуу өсч хөгжихөд том түлхэц болох талаар МХБ мэдээллээ.