Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/15-НД НИЙТЛЭГДСЭН

Шведчүүд иргэний үнэмлэхээ арьсан дороо суулгах сонирхолтой болжээ

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 5 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Иргэний бүртгэлийн мэдээллийг нь багтаасан микрочипийг арьсан дороо суулгуулсан 3,000 орчим хүн Шведэд бий болжээ.

Сүүлийн гурван жилийн хугацаанд ийм тооны Шведчүүд нэг ширхэг цагаан будааны дайтай бичил элементийг биедээ сурилуулаад байна.

Ингэснээр тэд ямар нэг түлхүүр, бичиг баримт биедээ авч явалгүйгээр өдөр тутмын амьдралаа хөнгөвчилж байгаа гэнэ. Тухайлбал зөвхөн гараа ойртуулаад машинаа нээж, гэр, оффисын хаалгаа онгойлгож, фитнесийн үйлчилгээгээ авч болно.

Өнгөрсөн оноос төрийн өмчит SJ төмөр замын компани зорчигчдынхоо тасалбарыг мөн ийм аргаар шалгаж нэвтрүүлдэг болсон юм.

Галт тэргэнд арьсан доор байгаа микрочипийг хэрхэн ашиглаж байгааг дараах видеоны 2:24 дэх хэсгээс үзэж болно.

Чипийг хүнд суулгахдаа пирсинг хийдэг аргыг ашигладаг. Гэвч ингэж хүний биед суулгасан техник эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүйг анагаах ухааны мэргэжилтнүүд анхааруулсаар байгаа юм.

 
 

Мөн биохакер буюу уг суулгасан төхөөрөмжөөр нь дамжуулж хүний биед нөлөөлөх хакерын үйл ажиллагаа цаашид бий болох хандлагатай байна. Гэхдээ зарим мэргэжилтнүүд бяцхан чипэнд хадгалагдах мэдээлэл нь хакеруудад ашиглагдахад тийм ч хангалттай биш тул санаа зоволтгүй гэж үзэж байгаа юм.

Швед улс бол иргэдийнхээ бүх хувийн мэдээллийг нэгдсэн санд оруулж чадсан цөөн улсын нэг. Тус улсын иргэн хэн нэгний цалингийн хэмжээг мэдэхийн тулд татварын алба руу ганц холбогдоход хангалттай гэдэг.

Технологийг хүний биед суурилуулах хандлага хөгжингүй орнуудад алгуурхан дэлгэрч байгаа бол Швед улсын 10 сая орчим иргэн үүнийг хамгийн сайн хүлээж авч байгаа гэнэ.

 

Эх сурвалж: Associated Press