Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/15-НД НИЙТЛЭГДСЭН

Иерусалемд АНУ-ын элчин сайдын яам нээгдсэн өдөр 52 палестин хүн алагдлаа

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 5 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Даваа гарагт АНУ элчин сайдын яамаа Тель-Авив хотоос Иерусалемд нүүлгэж, нээлтийн ажиллагааг зохион байгуулсан юм. Уг арга хэмжээнд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын охин Иванка, нөхөр Жаред Кушнерын хамт оролцжээ.

 

Элчин сайдын яамыг Израйль-Палестины хооронд маргаантай байдаг Иерусалем хотод шилжүүлсэн нь дэлхий дахиныг хоёр хуваагдахад хүргээд байгаа.

Уг шийдвэрийг Трамп өнгөрсөн оны арванхоёрдугаар сард зарласан юм. Өчигдөр тэр твиттер хуудсандаа Израйльчуудад баяр хүргэсэн байна.

Иванка Трамп элчин сайдын яамыг нээгээд зогсохгүй, Иерусалемын баруун хананд зочилж, энх тайвны төлөө залбирч байгаа зургаа твиттер хуудсандаа оруулжээ.

Гэвч үүнээс хэдхэн цагийн дараа Газын зурваст Израйлийн цэрэг, Палестины тэмцэгчдийн хооронд томоохон мөргөлдөөн гарч, оройн 10 цагийн байдлаар 52 палестин хүн алагдаж, 1,200 гаруй хүн шархдсан байна.

Амиа алдагсдын тоо цаашид нэмэгдэж, тэмцэл энэ долоо хоногийн турш үргэлжлэх төлөвтэй болжээ.

АНУ-ын элчин сайдын яамны нээлт нь Израйль улс байгуулагдсаны 70 жилийн ойтой давхцаж байгаа бол Палестинчуудын хувьд “Накба” гэгддэг газар нутгаасаа хөөгдсөн эмгэнэлт явдлыг санан дурсах өдөр юм.

Өчигдрийн мөргөлдөөний улмаас амиа алдагсдын дотор гурван хүүхэд, нэг эмэгтэй байжээ. Мөн шархдагсдад яаралтай тусламж үзүүлж явсан эмч алагдсан байна.

АНУ-ын шийдвэрийг ганц Палестинчууд эсэргүүцээгүй. Трампын шийдвэрийг арванхоёрдугаар сард НҮБ хэлэлцэх үеэр дэлхийн 128 орон харамслаа илэрхийлсний дотор Вашингтоны гол холбоотнууд болох Герман, Их Британи, Франц улсууд багтаж байв. Эдгээр орнууд бүгд өчигдрийн нээлтийн арга хэмжээг эсэргүүцэж, төлөөлөгчөө оролцуулаагүй юм.

Шийдвэрийг гаргах үед Трампын засаг захиргааныхан хүртэл дотроо хуваагдаад байсан гэдэг. Пентагоны тэргүүн Жэймс Мэттис, төрийн нарийн бичгийн дарга асан Рэкс Тиллерсон нар Трампыг ятгах гээд чадаагүй гэсэн мэдээлэл бий.

 

Эх сурвалж: Quartz