Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/14-НД НИЙТЛЭГДСЭН

Хойд Солонгосын цөмийн зэвсгийн 10,000 мэргэжилтний хувь заяа тодорхойгүй байна

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 5 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Хойд Солонгос цөмийн зэвсгээсээ бүрэн ангижрахаар шийдсэнээ зарлаад байгаа. Ирэх долоо хоногт тэд цөмийн туршилтын талбайгаа буулгах ажиллагааг олон улсын хараа хяналт дор гүйцэтгэхээ амлаад байна.

Гэвч хамгийн гол асуудал нь Пёньяны цөмийн технологийн гол хүч болсон мэргэжилтнүүдийг яах нь тодорхойгүй байгаа юм.

Хойд Солонгосын цөмийн зэвсгийг бүтээхэд ажилласан 200 эрдэмтэн, 2,000 орчим инженер мэргэжилтэн, 6,000 орчим техникч, нийт 10,000 хүн бий гэдэг.

Хэрвээ тэд Хойд Солонгостоо үлдвэл дараа дахин цөмийн зэвсэг бүтээх боломжтой болно. АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео саяхан Ким Жон Унтай уулзахдаа цөмийн хөтөлбөртэй холбоотой бүх бичиг баримтыг устгаж, цөмийн зэвсгээ гурав дагч оронд цөмийн хаягдал болгон илгээх асуудлыг ярилцсан гэнэ.

Нэг үгээр хэлбэл Хойд Солонгосыг дахин цөмийн зэвсэг бүтээх чадваргүй болгох бүх арга хэмжээг авах юм. Түүхээс харвал цөмийн технологийн мэдлэг чадварыг хяналтандаа байлгахын тулд мэргэжилтнүүдийг шилжүүлж авах тохиолдол байдаг.

Жишээ нь 1991 онд Зөвлөлтийн Цөмийн Аюулыг бууруулах гэрээний хүрээнд Зөвлөлтийн 58,000 мэргэжилтэнд АНУ энхийн зориулалттай,  өндөр технологийн 580 орчим ажлын байр гаргаж өгч байсан гэдэг.

Мөн 1945-1949 оны хооронд АНУ нууцаар Нацист Германы 1,600 орчим пуужингийн эрдэмтэн, инженер, техникчдийг өөртөө шилжүүлэн авч, сансар судлалын болон ЗХУ-тай зэвсгээр өрсөлдөх хөтөлбөрүүддээ ажиллуулж байжээ.

Мэргэжилтнүүдийг алдвал ямар аюултайг Пакистаны цөмийн физикч Абдул Кадир Ханы жишээнээс харж болно.

1980-1990 оны үед Хан нь Хойд Солонгос, Иран, Ливид цөмийн зэвсгийн технологи дамжуулж байсан гэдэг. Пакистаны засгийн газар түүнийг цөмийн технологи задруулсан хэргээр шийтгэж, 2004-2009 оны хооронд гэрийн хорионд байлгаж байв.

Харин Хойд Солонгосын мэргэжилтнүүдийн хувь заяаг хэрхэн шийдэх нь ирэх сард болох Трамп-Кимийн уулзалтын нэг чухал сэдэв байх бололтой.

 

Эх сурвалж: Korea Times