Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/14-НД НИЙТЛЭГДСЭН

"Төсөв хоёр дахин өсч байгаа бол 2016-2020 онд ард иргэдийн амьжиргаа тэр хэрээр өсөх ёстой"

Т.Саран, iKon.mn
2018 оны 5 сарын 14
iKon.MN
Зураг зураг

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн өнөөдрийн ээлжит хурлаар  энэ долоо хоногт чуулганаар хэлэлцэгдэж байгаа хуулийн төслүүд болон "Эрдэнэт үйлдвэр"-ийг Стандарт банкны барьцаанд тавьсан асуудлаар байгуулагдсан ажлыг хэсгийн ахлагч УИХ-ын дэд дарга Я.Санжмятавын мэдээллийг сонслоо.

Хэлэлцсэн асуудлуудын талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, бүлгийн ажлын албаны дарга Д.Золжаргал нар мэдээлэл хийлээ.

Засгийн газрын болоод Ерөнхийлөгчийн өргөн барьсан  хүүхдийн мөнгөний тухай төслийг хамтарч хэлэлцэх ажлын хэсгийн байгуулах шийдвэрийг УИХ-ын чуулганы хуралдаанаас гаргасан. Хамтарсан ажлын хэсгийн хуралдаан хоёр удаа хуралдсан ч МАН-ын гишүүд бүлгийнхээ шахалтаар улс төрийн шийдвэрт хүрсэн байна.

Учир нь ажлын хэсэгт багтсан Ардчилсан намын гишүүдийг  хуралдаанд оролцуулахгүй хүүхдийн мөнгийг Засгийн газрын оруулж ирсэн саналаар /хүүхдийн мөнгийг 80 хувьд нь олгох/  дэмжих нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргасныхаа дараа хуралдаанд оролцуулаагүй Ардчилсан намын гишүүдийг гарын үсэг зурахыг шаардсан байна.

Чуулганы хуралдаанаар ихэнх гишүүд хүүхдүүдэд ялгаваргүй мөнгийг нь олгох эдийн засгийн боломж байна гэж ярьсан. Тиймээс ч хүүхдийн мөнгөний асуудлаар байгуулагдсан ажлын хэсгийн эхний хуралдаанаар хүүхдийн мөнгийг 100 хувь олгох асуудлыг ярьсан байгаа.

Ардчилсан нам хүүхдийн мөнгийг ялгаваргүй олгох ёстой гэдэг байр суурийг бүх байнгын хороо, чуулганы хуралдаанд илэрхийлэх болно. Хэрвээ чуулганы нэгдсэн хуралдаанд хүүхдийн мөнгийг 80 хувьд нь олгохоор асуудал орж ирэх юм бол УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуулийн хүрээнд завсарлага авна.

Харин энэ хууль батлагдчихвал бид энэ хуульд хориг тавих асуудлыг Ерөнхийлөгчид тавих болно. Хүч түрж, улс төрийн шийдвэр цаашид гаргах юм бол хүүхдийг ялгаварласан асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандана.

Эрх баригчид баялгийн түүхий эдийн үнийн өсөлт дээр дэндүү цамаан загнаж байна

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны Төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл чуулганы хуралдаанаар яригдаж байгаа. Өнгөрсөн долоо хоногт хэлэлцэх эсэхийг нь дэмжсэн анхны хэлэлцүүлэгт орохоор бэлтгэгдэж байна. Тиймээс анхны хэлэлцүүлэг дээр УИХ дахь Ардчилсан намын бүлэг төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллөөр албан ёсны дүгнэлтээ чуулганы хуралдаанд уншиж танилцуулна.

Төсвийн төсөөлөл 2019-2020 онд Монгол Улсын эдийн засаг дахь төсвийн зарлага 2016 онтой харьцуулахад хоёр дахин нэмэгдэхээр харагдаж байгаа. Тиймээс ч Монгол Улс түүхэндээ байгаагүй хамгийн том данхайсан төсөвтэй байх нь гэж харагдаж байна Гол шалтгаан нь уул уурхайн үнийн өсөлтөөс давж орж ирсэн орлогын зохицуулалтаар хийгдэж байгаа түүнийг дагасан зардлын нэмэгдэл.

Ийм их зардлаар төсөв  хоёр дахин өсч л байгаа бол тэр хэрээр 2016-2020 онд ард иргэдийн амьжиргаа мөн хоёр дахин өсөх ёстой. Тиймээс ч бид энэ асуудлаар улс төрийн байр сууриа тодорхой илэрхийлэх ёстой гэж харж байгаа.

Төсвийн хүрээний мэдэгдлийн танилцуулгад 2016-2017 онд Оюутолгойн гүний уурхайн ашиглалтын хөрөнгө оруулалтыг дэмжсэн шийдвэр гаргаснаар гадаадын хөрөнгө оруулалт 1.2 тэрбум ам.доллараар өссөн гэдэг тоон утга байгаа. Өөрөөр хэлбэл, өнөөдрийн эрх баригчид эдийн засгийн суурь өсөлтийг бий болгосон Оюутолгойн гүний уурхайн ашиглалтын эхний хөрөнгө оруулалт дээр нэмээд баялгийн түүхий эдийн үнийн өсөлт дээр дэндүү цамаан загнаж байгааг тоон үзүүлэлтүүд харуулж байгаа.

"Монголоо сонсъё" үндэсний аянд ард иргэдийг идэвхтэй оролцохыг уриаллаа

Ардчилсан намаас 2018.05.15-2018.06.15-ны хороонд "Монголоо сонсъё" үндэсний хэмжээний аяныг зохион байгуулна. Аяны хүрээнд ард иргэдийг хамруулж хоёр үндсэн зүйлийг ярилцахаар төлөвлөснийг бүлэг дэмжиж байна.

Нэгдүгээрт, МАН-ын амлалт юу болсон бэ гэдгийг бид иргэдэтэйгээ ярилцах ёстой. 2012-2016 оны хүнд үетэй харьцуулахад өнгөрсөн хоёр жил эдийн засгийн таатай нөхцөлд ажилласан эрх баригчид монголд юу бүтээв гэдгийг дүгнэх цаг болсон.

Хоёрдугаарт, Ардчилсан намын үзэл баримтлалын төслийг хэлэлцүүлэх, нийт ард иргэдийг нээлттэй оролцуулахаар төлөвлөж байна. Ардчилсан намын үзэл баримтлалын төсөл маш товч тодорхой хийгдсэн. Энэ үзэл баримтлал энэ намын цаашдын хувь заяа болоод иргэдийн сонголтод онцгой нөлөөтэй. Тиймээс ч  бид "Монголоо сонсъё" үндэсний аянд ач холбогдол өгч, ард иргэдийг идэвхтэй оролцохыг уриалж байна.

Хоёр сайдаа хууль зөрчөөгүй гэж байгаа бол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ хууль зөрчих болно

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газарт хоёр ч шаардлага хүргүүлсэн. Сүүлийн шаардлагын хугацаа 2018.05.14-ны өдөр буюу өнөөдөр дуусч байгаа.

Сүүлийн шаардлагаар 2018.05.14-ны дотор багтааж, төсвийн тодотголыг оруулж ирэхийг шаардсан ч харамсалтай нь хүлээж авахгүй шаардлагын хугацаа дуусч байна.  Энэ нь өөрөө Үндсэн хуулийн зөрчил рүү хөтлөх эрсдэлтэй алхам гэдгийг Засгийн газарт дахин сануулмаар байна.

Мөн У.Хүрэлсүхийн Засгийн газар хоёр сайдаа "хууль зөрчөөгүй" гэж үзэж байгаа бол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ хууль зөрчиж буй үйлдэл рүү хөтлөгдөж орж байгаа хэрэг.

Сэтгүүлчдийг тагнаж, чагнасан асуудлаар Тусгай хяналтын дэд хороог хуралдуулахыг дахин шаардана

Тусгай хяналтын дэд хорооны дарга С.Батболдод дэд хороог хуралдуулах тухай шаардлагыг хүргүүлсэн. Гэтэл өгөөгүй байна.

Цагдаагийн байгууллагын нэр бүхий албан тушаалтан гүйцэтгэх үйл ажиллагаа хууль тогтоомжийг зөрчиж, нэр бүхий сэтгүүлчид болоод хувь хүний нууцад халдсан тухай асуудал. Гэтэл энэ асуудлаар яагаад Тусгай хяналтын дэд хороог хуралдуулахгүй байгаа шалтгаанаа дарга нь өнөөдрийг хүртэл тайлбарлаагүй сууж байна.

Тиймээс бид Тусгай хяналтын дэд хороог хуралдуулахыг дахин шаардана. Хэрвээ дахин шаардаад дэд хороог хуралдуулахгүй бол Тусгай хяналтын дэд хороо болоод энэ эрх баригчид сэтгүүлчдийг тагнаж, чагнасан асуудалтай холбоотойгоор асуудал үүссэн учир хойшлуулаад байна гэдэг дүгнэлтэд хүрэх болно.

Мэдээллийн дараа УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Ардчилсан намын үзэл баримтлалд ямар өөрчлөлт орж байгаа талаар тодруулаач?

-Ажлын хэсгийнхэн ард түмэнд хүргэхдээ ойлгомжтой байдлаар таван зүйлийг тунхагласан. Ардчилсан нам баруун төвийн нам байна, парламентын чадамжийг хууль эрх зүйн орчныг дэмжих, шууд болон зөвлөлдөх ардчиллыг дэмжих болно, Ардчилсан Үндсэн хуулийн суурь зарчмыг дэмжиж ажиллана, дундаж давхаргыг баялаг бүтээгчдийг дэмжинэ гэсэн байгаа.

Ийнхүү товчхон байдлаар томьёоллуудыг нь хэлж байна. Ардчилсан нам анх байгуулагдахдаа энэ суурь зарчимд тулгуурлаж байсан. Энэ үзэл баримтлалаа нийгмийн шаардлагаар илүү товч тодорхой болгож байгаа юм.

- АТГ-ын дарга болоод дэд даргын асуудлыг байнгын хорооноос буцаасан нь хууль зөрчсөн явдал боллоо гэж үзээд байгаа. Энэ талаар ямар байр суурьтай байгаа бол?

-АТГ-ын даргын асуудлыг УИХ-ын Хууль зүйн байнгын хороо буцаасан нь хууль зөрчсөн үйлдэл. Ерөнхийлөгчийн албан тоотоор гаргаж өгсөн албан бичиг бол хууль эрх зүйн үндсэн баримт бичиг мөн.

Хууль зүйн байнгын хороо уг хүсэлтийг хүлээж аваад, дүгнэлтээ дэмжигдсэн ч дэмжигдээгүй ч дэгийн хуулиар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар оруулах үүрэгтэй. Гэтэл үүргээ биелүүлээгүй, зөрчсөн. Тиймээс энэхүү хуулийн зөрчлөө засахыг бид УИХ-ын даргаас  шаардана.

 

Эх сурвалж: УИХ дахь АН-ын бүлэг