Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/14-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын элчин сайдын яам Иерусалемд нээгдэхийн өмнө Аль Кайда бүлэг жихад зарлалаа

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 5 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр буюу Даваа гарагт Израйль дахь АНУ-ын элчин сайдын яам Иерусалем хотод шинэ байраа нээн нүүх гэж байна.

Дональд Трамп өнгөрсөн онд элчин сайдын яамаа Тель-Авив хотоос Иерусалемд нүүлгэх шийдвэрээ зарласан нь Исламын ертөнцийг хилэгнүүлсэн юм. Эртний хотыг Израйль, Палестинчууд өөр өөрийн нийслэлээ хэмээн өмчилдөг тул одоог хүртэл маргаантай байдаг.

Элчин сайдын яамны нээлтэд Дональд Трампын охин Иванка оролцохоор Израйльд ирээд байгаа юм.

Өчигдөр буюу Ням гарагт олон арван мянган Израйльчууд улс орныхоо үүсгэн байгуулагдсаныхаа 70 жилийн ойг тэмдэглэж, Иерусалемын гудамжинд баярын жагсаал хийжээ.

Тэгвэл Палестинчууд өнөөдөр буюу Даваа гарагт АНУ-ын элчин сайдын яам нүүж ирснийг эсэргүүцэн жагсах гэж байна. Мөн тэд 1948 онд Израйль улс байгуулагдахад 700,000 палестинчуудыг хүчээр нүүлгэн шилжүүлснийг санан дурсах юм.

Ням гарагт Аль Кайда террорист байгууллагын тэргүүн Айман Аль Завахири   элчинг нүүлгэх болсон шийдвэрийг Палестинчуудын энхийн гэрээ бүтэлгүй болсны шинж гээд бүх муслимуудыг АНУ-ын эсрэг жихадад уриалжээ.

2011 онд алагдсан Осама Бин Ладеныг залгамжлагч тэрээр “Тель-Авив бол бас муслимуудын газар шороо” гээд Палестины эрх баригчдыг “Палестиныг худалдагсад” хэмээн шүүмжилж, өөрийн дагагчдыг зэвсгээ авахыг уриалсан юм.

Завахири Дональд Трампыг “орчин цагийн загалмайтны дайнчдын үнэн нүүр царай” гээд “тэдэнтэй зөвшилцөх боломжгүй, зөвхөн эсэгүүцэл, тэмцэл, жихад л тэдэнтэй ярих арга мөн” гэжээ.

 

Эх сурвалж: The Guardian