Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/14-НД НИЙТЛЭГДСЭН

Сильвио Берлускони Италийн төрийн эрхэнд дахин гарах замаа заслаа

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 5 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Италийн цуутай улс төрч, тэрбумтан Сильвио Берлускони 2019 оны сүүл хүртэл төрийн албанд ажиллах эрхээ хасуулаад байсан юм.

Тэр 2011 онд ерөнхий сайдын суудлаасаа бууж, дараа нь татварын хэргээр яллагдаж 2013 оны арваннэгдүгээр сард парламентаас хөөгдсөн юм.

Улмаар Берлускониг зургаан жилийн хугацаанд төрийн албанд ажиллах эрхгүй болгосон байна.

Гэтэл саяхан Италийн шүүхээс түүнийг өнгөрсөн хугацаанд биеэ үлгэр жишээ авч явсан үндэслэлээр хоригийг нь цуцалж, дахин улс төрд орох боломжийг нь нээжээ.

Олон удаа авлига, луйврын дуулианд холбогдож, өөрийн шүүх хурлыг хойшлуулахын тулд хуулийг өөрчилж, Италийн хэвлэл мэдээллийг гартаа авах гэж оролдож, эмэгтэй ажилтандаа бэлгийн дарамт үзүүлж, газар хөдлөлтийн улмаас орон гэргүй болсон иргэдийг “амралтаар зугаалж байна гэж бодоод майханд амьдрах”-ыг зөвлөж, насанд хүрээгүй модельтой дотно харилцаатай байсан нь илчлэгдэж, “намайг зовоодог новшийн улс орон” гэж утсаар ярихдаа Италийг зүхэж байсан нь илэрсэн этгээд ийнхүү биеэ зөв зохистой авч явсан гэгдэж, шийтгэлээ цуцлуулсан нь олныг гайхшруулж байгаа юм.

 Берлусконигийн Форза Италиа нам шүүхийн шийдвэрийг талархан хүлээж авч “Таван жил үргэлжилсэн шударга бус байдал төгслөө. Берлускони дахин нэр дэвших боломжтой боллоо” гэж мэдэгдэлдээ өгүүлжээ.

Италийн хуулиар 70-аас дээш настай хүнийг хорьдоггүй тул 2013 онд 77 настай байсан Берлускони дөрвөн жил хоригдох ялаа нийгэмд тустай хөдөлмөр эрхлэх шийтгэл болгосон юм.

Тиймээс тэр жил хүрэхгүй хугацаанд Алцхеймерийн төвд долоо хоногийн дөрвөн цаг ажилласан нэр зүүсэн байна.

Өнгөрсөн гуравдугаар сард болсон Италийн парламентын сонгуулийн үр дүнд барууны үзэл баримтлалтай “Таван од” хөдөлгөөн, Лига нам хамтарч засгийн газар байгуулах тохиролцоонд хүрээд байгаа. Харин Берлускони эргэн ирснээр тэр уг эвслийг нураан өөрөө ерөнхий сайд болох ажиллагаа явуулах нь тодорхой болж, Италийн улс төрийн амьдралыг тогтворгүй болгох төлөвтэй байна.

 

Эх сурвалж: Quartz