Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/14-НД НИЙТЛЭГДСЭН

Помпео Ким Жон Уныг маш их “мэдлэг, мэдээлэлтэй” байсныг гайхан ярьжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 5 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Хойд Солонгосын нийслэлд богино хугацаанд хоёр удаа зочлоод байгаа АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео өчигдөр буюу Ням гарагт “Fox News Sunday” хөтөлбөрт оролцон Ким Жон Унтай уулзсан тухайгаа ярьжээ.

Тэр уулзалтыг тун амжилттай болсон гээд Хойд Солонгосын удирдагчийн “нарийн төвөгтэй асуудлуудаар хэлэлцэхдээ мэргэжлийн байсныг” ярьсан байна.

“Тэр ямар ч асуудлаар маш их мэдлэг, мэдээлэлтэй байсан. Ямар ч хүнд хэцүү асуудлаар ярилцахад бэлэн байлаа. Ярилцаж байгаа сэдвээс бага зэрэг хазайсан асуулт асуухад тэр дор нь хариулж байсан. Түүнд ямар ч тэмдэглэл, харах цаас байгаагүй” гэж Помпео уулзалтынхаа талаар тодорхойлсон юм.

Мөн Ким Жон Уныг барууны хэвлэл мэдээллийн дамжуулж байгааг анхааралтай ажигладаг, “магадгүй энэ ярилцлагыг маань ч үзэж суугаа байх” гэж төрийн нарийн бичгийн дарга хөтлөгчид ярьсан байна.

Өнгөрсөн оны турш АНУ, Хойд Солонгосын удирдагч нар бие биеэ хэл амаар доромжилж байсныг уулзалтын үеэр ярилцсан эсэхийг асуухад Помпео “Үгүй, бид энэ талаар огт хөндөөгүй” гэж хариулжээ.

 

Эх сурвалж: Business Insider