Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/14-НД НИЙТЛЭГДСЭН

Чечень гаралтай залуу Парисын террорист халдлагыг үйлджээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 5 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Бямба гарагт Парисын Опера дүүргийн гудамжинд нэгэн этгээд иргэд рүү хутгаар зэвсэглэн дайрснаас нэг хүн алагдаж, таван хүн шархдсан юм.

Довтлох үедээ “Аллах Акбар” хэмээн орилж байсан уг этгээдийг цагдаа нар буудаж хөнөөсөн байна.

Сүүлд Исламын улс бүлэглэл халдлага үйлдэгчийг өөрийн цэрэг хэмээн зарлаж, Сири, Иракт байлдааны ажиллагаа явуулж буй АНУ тэргүүтэй орнуудаас өшөө авах үйл хэргийн нэг хэсэг гэж халдлагыг тодорхойлсон юм.

Тэгвэл халдлага үйлдэгч нь 1997 онд ОХУ-ын Чеченьд төрж, Францын Страсбург хотод өссөн Хассан Азимов гэгч байсныг Францын хэвлэлүүд мэдээлжээ.

Азимовын гэр бүл Францад цагаачлан ирээд 2010 онд тэр иргэншил авсан юм байна. Азимовыг 2016 оноос хойш хуулийнхан анхааралдаа аваад байжээ.

Тэгвэл Чечений БНУ-ын тэргүүн Рамзан Кадыров халдлага үйлдэгчийг Чеченьд төрсөн боловч Францад өсөж, хүмүүжсэн тул терроризм, гэмт хэргийн замыг Францын нийгмээс олж авсан гэж өөрийн сошиал хуудсандаа бичсэн байна.

“Хэрвээ Чеченьд амьдарч байсан бол Хассаны хувь заяа өөрөөр эргэх байсан гэдэгт би итгэлтэй байна” гэж Кадыров нэмж бичжээ.

Бас “Энэ тохиолдолд хүүхдийг буруу хүмүүжүүлсэн төр нь хариуцлага үүрэх ёстой” гэж Францын эрх баригчдыг буруутгасан байна.

 

Эх сурвалж: Russia Today