Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/11-НД НИЙТЛЭГДСЭН

АмЧам Монгол “Байгальд ээлтэй авто машины хэрэглээг хөгжүүлэх нь” сэдэвт семинар зохион байгууллаа

ikon.mn
2018 оны 5 сарын 11
iKon.MN
Зураг зураг

2018 оны 5-р сарын 11-ний өдөр Монгол дахь Америкийн Худалдааны Танхим (АмЧам Монгол) Монголын Автомашин Дистрибьюторуудын Ассоциаци (МАДА), Зам тээврийн хөгжлийн яам (ЗТХЯ), Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран “Байгальд ээлтэй авто машины хэрэглээг хөгжүүлэх нь” сэдэвт семинарыг Blue Sky зочид буудалд зохион байгууллаа.

Семинарт салбарын яамд, Монголын Авто тээвэрчдийн нэгдсэн холбоо, Авто тээврийн үндэсний төв, Нийслэлийн байгаль орчны газар, Нийслэлийн агаарын бохирдол бууруулах газрын төлөөлөл, ШУТИС, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв (НЭМҮТ)-ийн судлаачид, АмЧамын Автомашин, механизмын хорооны гишүүн компаниуд болон МАДА-ийн гишүүд оролцлоо. Семинарын үеэр салбарын яамд болон НЭМҮТ-өөс мэдээлэл өгөх үндсэн илтгэл тавьж оролцогчдын дунд хэлэлцүүлэг өрнүүлэв.

ЗТХЯамны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Батболд семинарыг нээж хэлсэн үгэндээ

“Авто тээврийн тухай хуулийн төсөлд санал авч байгаа үед энэхүү олон талуудыг оролцуулсан семинар зохион байгуулагдаж байгаа нь семинарын үр дүнг хуулийн төсөлд тусгах боломжийг бүрдүүлж байна. Бидний зүгээс байгальд ээлтэй авто машины хэрэглээг улсын хэмжээнд нэмэгдүүлэхийг дэмжин ажиллаж байгаа бөгөөд бусад салбарын яамд, хувийн хэвшил, мэргэжлийн холбоод, болон судлаачид, ИНБ-тай энэ талаар хамтран ажиллахад бэлэн байна” гэв.

Мөн АмЧамын Автомашин, механизмын хорооны дарга, Вагнер Ази Автомотив ХХК-ийн Гүйцэтгэх захирал Гарретт Вилсон

“Өнөөдрийн энэхүү хэлэлцүүлгээр автомашины салбарын хөгжилд тулгарч буй гол асуудлуудын талаар ярилцаж, оновчтой шийдлүүдийг олно гэдэгт найдаж байна.” хэмээн тэмдэглэв.

Хамтран зохион байгуулагч МАДА-ийн Гүйцэтгэх захирал С.Баасанбаяр хүрэлцэн ирсэн зочдод талархал илэрхийлээд

“Монгол Улсад сүүлийн долоон жилийн хугацаанд импортлогдсон автомашины тоо маш ихээр өссөн ба үүнээс үүдэлтэйгээр Улаанбаатар хот болон улсын хэмжээнд урьд өмнө нь байгаагүй их хэмжээний автомашины хөдөлгөөн, түүнтэй холбоотой асуудлууд үүсэж байна. Өнөөдрийн семинарын зорилго нь холбогдох яамд, төрийн хэрэгжүүлэгч агентлагууд, судлаачид болон хувийн хэвшил нийтдээ салбарын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх талаар нэгдсэн ойлголттой болох юм” гэлээ.

АмЧам Монголын тухай


АмЧам Монгол нь АНУ-Монгол Улс хоорондын бизнесийн түншлэлийг өргөжүүлэх, бэхжүүлэх, эрх ашгийг нь хамгаалах болон Америкийн хөрөнгө оруулалтыг Монголд татах чиглэлээр ажилладаг бие даасан, гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага юм. АмЧам Монгол нь 3 сая гаруй гишүүдтэй дэлхийн хамгийн том бизнесийн холбоонд тооцогддог Америкийн Худалдааны Танхимын албан ѐсны салбар юм. Мөн АмЧам Монгол нь Ази Номхон далайн 29 орнуудын Америкийн худалдааны танхимуудыг нэгтгэдэг Ази Номхон далайн орнуудын Америкийн Худалдааны Танхимуудын Зөвлөл байгууллагын гишүүн юм.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.