Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/10-НД НИЙТЛЭГДСЭН

Google компани Lens үйлчилгээндээ гурван шинэ боломж нэмжээ

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 5 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Энэ долоо хоногт болж байгаа Google-ийн хөгжүүлэгчдийн I/O чуулган дээр тус компани хэд хэдэн технологийн шинэчлэлтийг танилцуулсан юм.

Тэдний нэг нь дүрсний хайлтын систем буюу Google Lens үйлчилгээнд нэмэгдсэн гурван шинэ боломж байлаа.

Lens үйлчилгээг өнгөрсөн оны I/O чуулган дээр анх удаа танилцуулж байв. Гэхдээ энэ нь тухайн үед туршилтын шатандаа байсан. Эхэндээ зөвхөн өөрийн үйлдвэрийн Android утаснууд (Pixel) дээр ажилладаг байснаа өнгөрсөн гуравдугаар сард бусад Android утаснуудад Google Photos аппликэшнаар дамжуулан нэвтрүүлж эхэлсэн юм.

Мөн iOS системд зориулсан аппликэшныг гаргах гэж байгаагаа тухайн үед зарлаж байв.

Харин энэ удаагийн I/O чуулган дээр LG, Motorola, Xiaomi, Sony Mobile, HMD/Nokia, TCL, OnePlus, BQ, Asus үйлдвэрийн зарим загваруудын үндсэн камерны аппликэшнд Lens үйлчилгээг нэвтрүүлж байгаагаа зарласан байна.

Ингээд Lens үйлчилгээнд шинээр нэвтрүүлсэн гурван боломжийг танилцуулья.

Smart text selection

 

Энэ нь камерын дуранд үзэгдэж байгаа дурын объектоос сонгосон текстийг ойлгож, таарах үр дүнг харуулна гэсэн үг. Тухайлбал рестораны цэснээс зөвхөн нэг хоолны нэрийг сонгоход тэр нь ямар хоол болох тайлбарыг зургийн хамт харуулах юм.

Хувцас загварын ухаалаг хайлт

 

Сэтгүүл дээрээс хүний өмссөн хувцсыг Lens-ийн камераар харуулахад энэ нь ямар брэндийн, ямар үнэтэй, хаанаас худалдаж авч чадах хувцас болохыг үзүүлнэ. Бас зураг дээрхтэй ижил төстэй хэв маягийн хувцасны сонголтыг санал болгох юм.

Үр дүнг бодит цагт харуулна

 

Камерт харагдаж байгаа бодит ертөнцийн объектуудыг бодит цагийн горимд (realtime) ойлгож, таниад юу болохыг тайлбарлана.

Тухайлбал гэрийн эдлэл, тавилгууд, номнууд зэргийг хараад юу болохыг тэр дор нь хэлдэг болжээ.

Lens-ийн өмнөх хувилбарууд ажиллахдаа төдийлөн найдвартай биш, объектыг танихгүй төөрч будилах тохиолдол олон гардаг байсан. Харин ойрын хэдэн долоо хоногийн дотор нэвтрэх гэж байгаа дээрх хувилбар хэр сайжирсныг шалгаж үзэх л үлдэж байна.

 

Эх сурвалж: Tech Insider