Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/10-НД НИЙТЛЭГДСЭН

"Солонгосын виз гаргаж өгнө гэсэн хувь хүн, байгууллагаас БОЛГООМЖИЛ"

Г.Номин, iKon.mn
2018 оны 5 сарын 10
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

Нийгмийн Даатгалын Ерөнхий Газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Элчин Сайдын Яам, Цагдаагийн Ерөнхий Газар хамтран өнөөдөр мэдээлэл хийлээ.

Уг хурлын үеэр БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-нд хандан виз мэдүүлэгчдийн зүгээс 15 нэр төрлийн бичиг баримтыг хуурамчаар үйлдэж, бусад виз мэдүүлэгчдээ давхар хохироогоод зогсохгүй өөрсдөө зорчих эрхээ хязгаарлуулж, Эрүүгийн хуулийн дагуу хариуцлага хүлээхэд хүрдэг гэх мэдээллийг өгч байгаа юм.

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/iKonNews/videos/835316373320599/

Нийгмийн Даатгалын Ерөнхий Газраас "Жилд дунджаар 300 мянга, сард 24 мянга орчим иргэн ТҮЦ машинаас лавлагаа авдаг. 2017 онд БНСУ-ын ЭСЯ-наас манайд хандаж 890 хүний лавлагаа үнэн бодит эсэхийг шалгуулсан. Мөн 2018 онд 430 иргэний лавлагааг шалгуулж 153 лавлагааг хуурамчаар үйлдсэнийг тогтоогоод байна.

 
Гэрэл зургийг mpa.mn

Хуурамч лавлагаа гаргаж байгаатай холбогдуулан лавлагаа үнэн зөв эсэхийг шалгах системийг нэвтрүүлсэн. Ингэснээр хуурамч лавлагаа үйлдэж буй хүмүүсийн үйл ажиллагааг таслан зогсоох боломжтой боллоо.

Хуурамч лавлагаа гаргаж байгаа хэсэг бүлэг хүмүүс байгаа учраас Цагдаагийн байгууллагатай хамтран нэгдсэн байдлаар шалгаж эхлээд байна" хэмээн хурлын эхэнд мэдэгдлээ.

БНСУ-ын ЭСЯ-наас Визний материалд нийгмийн даатгалын лавлагаа авчирахыг заасан нь тухайн иргэнийг тогтвортой ажилтай, эргэж ирэх баталгаа болгох зорилготой.

Энэ талаар БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Консул Кил Кан Муг "Сүүлийн үед иргэд виз мэдүүлэхдээ бүрдүүлэн өгдөг бичиг баримтыг хуурамчаар үйлдэх тохиолдол нэлээд ихсэж байгаатай холбогдуулан НДЕГ болон ЦЕГ-тай хамтран мэдээлэл хийж байна. 

 
Гэрэл зургийг mpa.mn

Солонгос руу зорчих хүсэлтэй иргэдийн дунд хуурамч бичиг баримт бүрдүүлэх зөрчил нэлээд олон гарч санаа зовоох түвшинд хүрсэн.

Иргэдийн түгээмэл хуурамчаар бүрдүүлж буй бичиг баримтыг харвал, нийгмийн даатгалын лавлагаа, гэрлэлтийн гэрчилгээ, дансны хуулга мөн хамгийн ноцтой нь Европын орнууд руу зорчсон гэх хуурамж тэмдэглэл байна.

Зөвхөн өнгөрөгч дөрөвдүгээр сард л гэхэд 400-500 иргэн хуурамч бичиг баримт бүрдүүлж өгсөн байгаа. ЭСЯ-ны зүгээс хуурамч бичиг баримтаар виз мэдүүлсэн иргэдийн дахин виз мэдүүлэх эрхийг хамгийн багадаа нэг жил цаашилбал хуагцаагүйгээр хааж байгаа. Хууримч бичиг баримтыг үйлдэж өгсөн этгээдийг бол шууд хугацаагүйгээр виз мэдүүлэх эрхийг хаана. 

Хууль бусаар бичиг баримт бүрдүүлж буй иргэд олон нийтийн сүлжээгээр зар тарааж, үүнийхээ хариуд иргэдээс хамгийн багадаа 100,000 цаашилбал 5 сая төгрөг хүртэл авч байна. Үүний хохирогч нь Солонгост очиж ажил, хөдөлмөр хийж амьдралаа сайжруулах хүсэлтэй жирийн залуус болж байгаа нь харамсалтай.

БНСУ-ын ЭСЯ албан ёсны зөвшөөрөлтэй найман төвөөр л дамжуулан визний материал авдаг. Тиймээс тэдгээр найман төвийн зөвлөгөө мэдээлэл өгөх ажиллагааг сайжруулахаар ажиллах болно. 

Солонгосын виз гаргаж өгч чадна гэсэн амлалт өгч буй хувь хүн байгууллагаас болгоомжлохыг онцгойлон анхааруулж байна. Манай ЭСЯ-ны зүгээс таньдаг хүнээр дамжуулах, эсвэл хэн нэгний гуйлгаар виз олгодоггүй. 

Хурамч бичиг баримт үйлдэж байгаа нь хэд хэдэн сөрөг талтай. Итгэлцэлийг эвдэж байгаа учраас бүх бичиг баримтыг нэг бүрчлэн шалгах учраас хариу удаж гарна. Нэг удаа хуурамч бичиг баримт ашигласан нь тогтоогдсон хүн зайшгүй шаардлагаар дахин Солонгос улс руу зорчих болоход виз гарахгүй" гэлээ.

Цагдаагийн байгууллагаас 2018 оны эхний дөрвөн сарын байдлаар 11 иргэнд холбогдох хуурамч бичиг баримт үйлдвэрлэсэн хэргийг шалгаж байгаа аж.