Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/10-НД НИЙТЛЭГДСЭН

Р.Отгонбаатар: Мэргэн өвгөдийн бүтээсэн бичиг үсгийн чухал дурсгалуудыг хойчдоо үлдээж, таниулах нь миний үүрэг

Б.Мөнхзул, Үндэсний шуудан
2018 оны 5 сарын 10
Үндэсний шуудан
Зураг зураг

“Үндэсний бичиг үсгийн баяр-2018” цуврал арга хэмжээний хүрээнд Шинжлэх ухааны академийн Хэл, зохиолын хүрээлэнгийн академич Р.Отгонбаатар эртний үеийн судар бичиг, эд өлгийн цуглуулгаа олон нийтэд дэлгэсэн билээ.

Түүний бичиг үсгийн соёлтой холбоотой цуглуулсан ховор нандин цуглуулга, тэдгээрийн үүх түүхийн талаар ярилцлаа.

-Үзэсгэлэнд эртний бичиг үсгийн соёлтой холбоотой нэн ховор төрлийн олон цуглуулга дэлгэжээ. Та цуглуулгуудаа хэзээнээс эхэлж, ямар аргаар олж авсан бэ?

-Миний хүүхэд ахуй насанд эртний бичгийн хэрэгсэл бараг л байхгүй болсон байсан. Нийтийн хэрэглээнд шинэ бичиг үсэг хэрэглэдэг байлаа. Би МУИС-ийн Монгол бичгийн ангийг дүүргэж, хуучин бичиг заах албан ёсны анхны багшаар бэлтгэгдсэн хүн юм л даа. Тиймээс оюутнуудад хуучин ном судрыг юугаар бичиж, бүтээж, хэвлэж, барлаж байсан талаар хичээл заах үүрэгтэй багш хүн байх нь.

Гэтэл тэдгээрийг хэрхэн хийж, хэвлэж байсан цаг үед би байгаагүй, үүгээр үл барам бичгийн хэрэгслийг нь нүдээр үзээгүй шүү дээ. Яах вэ өвгөн багш нараас асууж тодруулж, тэд төдий сайн хэлж, ярьж егсөн боловч өөрийн биеэр үзээгүй учир хичээл заах боломжгүй санагдсан юм. Ингээд эртний бичгийн хэрэгслүүдийг оюутан байхаасаа цуглуулж эхэлсэн. Оюутан наснаасаа гэхээр 40 гаруй жил цуглуулжээ. Олж авахын тухайд хот, хөдөө гээд энд тэндээс цуглуулдаг. Мөн гадаадаас олж ирсэн нь ч бий.

Аль болох монгол бичиг соёлынхоо төрөлжсөн цуглуулгад хэрэгтэй зүйлийг боломжоороо цуглуулахыг хичээдэг. Эхэндээ оюутнуудад заах жишээ олж авахын тулд цуглуулдаг байсан юм. Ингэсээр овоо ахиу болохоор нь иж бүрэн цуглуулга болгоё гэсэн санаа төрсөн. Цуглуулга маань бүгд гар хийцийнх учир дахин давтагдашгүй. Үзэсгэлэнд тавиагүй цуглуулга ч олон. Ялангуяа, ном судар олон үлдсэн.

-Та цуглуулгаа эрэл хайгуулаар олдог гэсэн. Хэнээс сонсож, хаанаас олж авдаг юм бэ?

-Ахмадууд, нутаг нутгийн өвгөчүүдээс өгсөн мэр сэр зүйл байдаг. Гол төлөв зах зээлээс олж авдаг. Одоогоос 18 жилийн өмнө манай улсад эртний эдлэлийн дэлгүүр олон байсан. Тэндээс нэлээд хэдэн бичгийн хэрэгслийн дурсгалт зүйл авсан. Сүүлийн үед нас ахиад, бас дэмжигчид цөөрөөд ч тэр үү, урам муутай болсон гэх үү дээ. Тиймээс сүүлд цуглуулгадаа нэмсэн зүйл цөөн байна. Гэхдээ миний цуглуулгад байхгүй, боломжийн үнэтэй зүйл байвал олж авсаар л байгаа.

-Таны цуглуулгад хамгийн ховор ямар эд өлгийн өв болон судар ном, бичээс байна вэ. Үүнийхээ үүх түүхийг хамтад нь ярьж өгөхгүй юү?

-Ховор нандин дурсгал олон бий. Өндөр үнэтэй алт, мөнгөөр хийсэн нь байхгүй гэхэд болно. Гэхдээ яагаад ховор гэсэн бэ гэвэл монголчуудын 1,000-аад жилийн өмнөх бичиг үсгийн түүхэн төлөв, бичгийн хэрэгслийн багцааг харуулах хэмжээний цуглуулга гэдгээрээ тэр. Цуглуулгад миний хувьд үнэтэй, нандин гэж тооцогдох хэд хэдэн юм бий. Жишээлбэл, эвэр зуруул байдгийг надад багш нар, өвгөчүүл гээд хэн ч хэлж өгөөгүй. Би өөрөө ч мэдээгүй, үзээгүй байсан.

Гэтэл анхны эвэр зуруулыг шугамтайгаа хамт байхад нь олж, монгол хүн үхрийнхээ эврээр ором гаргаж, шугам татдаг зуруул хийсэн юм байна гэж мэдэж авсан. Энэ бол гайхамшигтай ховор эд зүйлд орно. Монголын ард түмэн юугаар юуг хийвэл зохимжтой вэ гэдгийг маш мэргэн мэддэг хүмүүс байсныг нотолж байна шүү дээ. Бас даавууны өөдсөөр хуруун чинээ номын хавчуурга хийсэн байдаг. Үзэсгэлэнд тавиагүй л дээ. Тэр бол монгол хүний ухаанаар бүтсэн гайхамшигт ховор эд.

Судрын нэг хуудасны завсар хавчуулахад өөрөө автоматаар буудаг эд. Энэ бол Монголын ард түмний эдийн басхүү оюуны соёлын үнэтэй өв. Нэг үгээр хэлбэл, 10 төгрөгийн үнэ хүрэхгүй атал асар мэргэн ухаанаар хийсэн эд учир монголчуудын үеийн үед бахархууштай нандин дурсгал юм. Түүнээс биш алтаар шараад хийчихсэн бэхийн хумх байна. Тэр бол миний хувьд тийм ч үнэтэй эд биш. Мартагдсан, байхгүй болсон дурсгалуудыг олж авсан нь миний бахархал. Монголын ард түмэнд хожим үнэтэй өв болж үлдэх ёстой гэж боддог.

-Гадаадаас олж ирсэн зүйл байгаа гэсэн. Хаанаас юу олж ирэв?

-Өвөрмонголын зах зээлд дөрвөлжин үсгийн мөнгөний тасархай, бүтнээрээ хоёр янз байсныг олсон. 700 жилийн өмнөх цаасан дурсгал шүү дээ. Том хэрнээ бүтнийг нь авах гэтэл нэлээд үнэтэйгээс гадна дөрвөлжин үсэгтэй хэсэг нь бүдэг дарагдсан байсан юм.

Тасархай нь арай хямд хэрнээ дөрвөлжин үсэг нь арай тод харагдаж байв. Ингээд тод тасархайг нь худалдаж авсан. Одоо ахиад олдохгүй учир маш үнэтэйд тооцогдоно. Тэр үедээ ч чамгүй үнэтэй байсан. Гадаадад ажиллаж гайгүй цалин авдаг байсны хүчинд гар татахгүй, нэлээд мөнгө зарж авсан даа.

-Та насаараа л бичиг үсэг, ном хэвлэлийн түүхийг судалж. Танд судлаагүй үлдсэн, хойч үеийн эрдэмтэн залууст өвлүүлэн үлдээх сонирхолтой судалгаа, сэдэв байна уу?

-Сайн цуглуулга хийсэн учраас насаараа хийгээд ч барахгүй маш сонин сэдэв, содон эртний хэрэглэгдэхүүн олон байна. Иймээс ямар нэгэн аргаар хамгийн чухал ажлыг нь өөрөө хийгээд, арай амжихгүйг нь залгаад авах залуу үеийн судлаач хүүхдүүдэд хэлж өгч үлдээх бодолтой байна.

-Таны цуглуулгад хамгийн эрт дээр үеийн ямар цуглуулга байна вэ. Хэдээс хэддүгээр зууны үеийн эд өлгийн зүйлийг хадгалж байгаа бол?

-Олон зуун жилийн өмнө ашигласан зүйл байдаг. Зарим нь 700-1,000 жилийн өмнөх түүхийн бичиг үсгийн эд өлгийн дурсгал бий. Гэхдээ дийлэнх нь хожуу үеийн буюу 200-300 жилийн үед хамаарна. Миний бүх цуглуулгыг ерөнхийд нь 100 жилээс өмнөх гэж хэлж болно. Үзэсгэлэн монголчуудын 1,000-аад жилийн бичиг соёлын үүх түүхийг цогцоор нь харуулна.

-Танд сонссон, дуулсан хэрнээ олж авч чадаагүй ямар цуглуулга байна вэ?

-Мэр сэр зүйл бий. Гүймэг бар байсан юм. Түүнийг би яг дарж байхыг нь нүдээр үзсэн. Харамсалтай нь олж авч чадаагүй. Өвгөчүүл хэрэглэдэг байсан учраас “Та үүнийгээ надад өг" гэж хэлэхэд эвгүй байсан. Өвгөн бурхан болчихсон учир хэрэглэж байсан эд нь хаана орсныг мэдэхгүй өнгөрсөн дөө.

Тэр бар дөрвөлжин хорол шиг бурхдыг сийлж, хашлага шахлагад хийн бурхан барладаг эд юм. Энэ мэтчилэн олон зүйл байгаа. Мэргэн өвгөдийн бүтээсэн бичиг үсгийн чухал дурсгалуудыг ирээдүй хойчдоо үлдээж, таниулах нь миний үүрэг юм даа.

Зураг