Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/10-НД НИЙТЛЭГДСЭН

92 настай Махатхир Мохамадын тэргүүлсэн эвсэл 61 жил Малайзад эрх барьсан намыг яллаа

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 5 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Махатхир Мохамад

Өчигдөр Малайз улсад болсон парламентын сонгуулиар ерөнхий сайд асан 92 настай Махатхир Мохамадын тэргүүлсэн сөрөг хүчин одоогийн ерөнхий сайд Нажиб Разакын 61 жил төр барьсан Барисан Насионал намыг яллаа.

Албан ёсны дүн гарахад Махатхирын Пакатан Харапан эвсэл тус улсын 222 суудалтай парламентын 112 суудлыг авч олонх болсон нь батлагджээ.

Махатхир нь 1981-2003 онд Малайзын ерөнхий сайд байсан бөгөөд энэ сонгуульд сөрөг хүчний дөрвөн намын эвслийг тэргүүлж оролцсон юм.

Харин эрх баригч Барисан Насионал нь Малайзын төрийг 61 жил барьж, хамгийн удаан эрх барьсан улс төрийн хүчний дэлхийн дээд амжилтыг тогтоогоод байв.

Гэвч ерөнхий сайд Нажиб Разак төрийн 1MDB сангаас олон сая доллар завшсан гэх дуулиан гурван жилийн өмнөөс дэгдэж, дийлдэшгүй эрх баригч хүчний суурийг ганхуулсан юм.

Ялалтын дараа Махатхир үг хэлэхдээ ерөнхий сайдаас “өшөө авах” зорилгогүй, харин хууль ёсыг буцааж сэргээх хүсэлтэй гэдгээ мэдэгджээ.

92 настай удирдагч мөн шинэ засгийн газрын бүрэлдэхүүндээ хүйсний харьцааг анхаарч, залуусыг дэмжинэ гэдгээ амласан юм.

Барисан Насионал болон түүний тэргүүлсэн эвсэл зүүн өмнөд Азийн гурав дахь том эдийн засагтай Малайзийг 1957 онд Британий колоничлолоос салсан цагаас хойш удирдаж байгаа.

Эрх баригч намын улс төрч байсан Махатхир 2016 онд 1MDB сангийн дуулианы дараа сөрөг хүчний талд орсон юм.

Сөрөг хүчний ялалт Нажиб Разакын цаашдын хувь заяаг бүрхэг болгож байна. Махатхир сонгуульд ялбал Разакын хэргийг шалгана гэж амлаж байжээ.

Нажиб Разак 23 настайгаасаа улс төрд орж, Махатхирын засгийн газрын үед сайдын алба хашиж байсан ба Махатхирын залгамжлагчид тооцогдож байсан юм.

Разакын эцэг, Малайзын хоёр дахь ерөнхий сайд асан Абдул Разак нь Махатхирын улс төрийн халамжлан хүмүүжүүлэгч байсан гэдэг.

Махатхир 2009 онд Нажибыг дэмжиж, Малайзын зургаа дахь ерөнхий сайд болгож байсан түүхтэй.

Ахмад улс төрчийн үгээр ажиллаагүйн улмаас тэдний харилцаа 2010 оноос хойш муудсан гэж Нажиб Разак нэгэнтээ ярьж байжээ. Харин Махатхир түүний төрийн сангийн мөнгө завшсан дуулианы дараа итгэл алдарч, сөрөг хүчнийг дэмжих болсон гэдэг.

Сөрөг хүчний Пакатан Харапан эвсэл сонгуульд ялбал хоёр өдөр иргэдийг амраана гэсэн амлалтдаа хүрч, энэ Пүрэв, Баасан гарагуудад Малайз даяар амралтын өдрүүд болж байна.

 

Эх сурвалж: South China Morning Post