Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/14-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Хатан туулыг "ЭЗЭЛСЭН НЬ"

Т.Өлзийбаяр, iKon.mn
2018 оны 5 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Богд уул, Зайсан толгой орчмыг тусгай хамгаалалт бүхий дархан цаазат газар нутаг гэж одоо хэлбэл бараг тэнэг хүн болохоор. Энэ нь Монголд өнөөдөр хууль, дүрэм, журам эсрэгээрээ хэрэгждгийн улаан цагаандаа гарсан жишээ юм. Хүүхдийн хорих ангиа тойрон Зайсанд шил шилээ дарсан тансаг зэрэглэлийн орон сууцнуудыг барьж амьдран суусан хүмүүс хүүхдүүдийгээ шударга, зөв амьдрахыг заах нь бараг л онигоо ярихтай адил зүйл мэт.  Цаг хугацааны эрхэнд хууль бус байшин барилга нь Зайсан орчимд багассангүй харин ч эсрэгээрээ улам бүр нэмэгдэж харин хүүхдийн хорих ангиа нүүлгэжээ. 

Богд уул, Зайсан толгойг нэгэнт тавиад туусан бол өнөөдөр бид Туул голоо араас нь явуулах хэмжээнд хүрэв. 

Туул голын ойролцоо огт зөвшөөрөлгүй газар эзэмшиж, ашиглаж байгаа 251 хуулийн этгээд бий гэсэн судалгаа гарчээ. 

Судалгаагаар Туул голын хамгаалалтын бүсэд хамрагдаж буй таван дүүргийн нутаг дэвсгэрт:

  • онцгой хамгаалалтын бүсийн буюу 50 метрт 2,307,
  • энгийн хамгаалалтын бүс буюу 200 метрт 11,731 нэгж талбай газар эзэмшилт, ашиглалттай байна.
 
Гэрэл зургийг mpa.mn

Уг нь Туул гол улсын тусгай хамгаалалтын бүсэд байдаг ч аж ахуйн нэгжүүд аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулна гэж зөвшөөрөл авчихаад байшин, барилга барьдаг. Нөгөө л Зайсангийн жишээ давтагдсаар.  

Туул гол орчимд зөвшөөрөлгүй барилга барьж, бургас тайрч байгаатай холбоотойгоор иргэдээс 3,000 орчим өргөдөл УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд иржээ.

Үүний дагуу Туул гол орчимд нөхцөл байдал ямар байгаатай УИХ-ын гишүүн М.Оюунчимэг танилцахаар газар нь дээр ажилласан юм.

Энэ тухай видео:

М.Оюунчимэг "Усны тухай хууль, Тусгай хамгаалалтын бүсийн тухай хууль зэргийг сайн хэрэгжүүлэхгүй байна. Тиймээс бид Туул голын орчны бүсийг улсын тусгай хамгаалалтад авах, түүнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл боловсрууллаа. Энэ төслийг Засгийн газраас дэмжсэн. Одоо УИХ-аар хэлэлцүүлэх асуудал дутуу байна.

Өргөдлийн байнгын хороонд Туул гол орчимд зөвшөөрөлгүй барилга барьж, бургас тайрч байгаатай холбоотойгоор иргэдээс 3,000 орчим өргөдөл ирсэн. Байнгын хороогоор гурван удаа хэлэлцүүлэг хийж, асуудлыг нь тухайлан хэлэлцэж, ажлын хэсэг гарган ажиллаж буй нь энэ юм. Цаашид Туул голын асуудлаар шахуу ажиллах шаардлага байна" гэлээ.

Туул гол дагуух газар эзэмших эрхийг цуцалж буй талаар Туул голын сав газрын захиргааны мэдээлэл, хяналт үнэлгээний албаны дарга Б.Оюунболдоос тодрууллаа.

Тэрбээр "Баянзүрхийн гүүрнээс Яармагийн гүүр хоорон дахь нутаг дэвсгэр нь Богдхан уулын тусгай хамгаалалттай газар нутагт ордог. Иймээс уг нутаг дэвсгэрт БОАЖЯ-ны тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаанаас ихэвчлэн аялал жуулчлалын зорилгоор иргэдэд газар эзэмшүүлэх эрх олгодог. Нийтдээ 52 иргэн, аж ахуйн нэгжид газар олголт хийгдсэн гэсэн мэдээлэл байна. 

Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын хил, хязгаарлалтын бүс гэж бий. Үндсэн хамгаалалтын бүсийн гадна талд байгаа хил дээр нь газар эзэмших зөвшөөрлийг БОАЖЯ, нийслэлийн Засаг дарга олгосон тохиолдол байна. Энэ нь шүүхийн шатанд маргаантай явдаг асуудал" гэж байв. 

"Туул голын урд хэсэг буюу тусгай хамгаалалтай газар нутагтай давхцалтай хэсгүүдэд олгогдсон байгаа газар эзэмшлийн тусгай зөвшөөрлийг юуны түрүүнд цуцлаад аялал зугаалгын бүс байгуулах чиглэл яригдаж байгаа. Туул голын хойд эрэгт нийслэлийн Засаг даргын захирамжаар газар олголт хийгддэг" гэсэн тайлбарыг өгч байлаа. 

 
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Улаанбаатар хотын усан хангамж үндсэндээ 2030 он гэхэд шавхагдана. 10 жилийн дараа Улаанбаатар хотын сая гаруй хүн амыг усаар хангаж хүрэхгүй нөхцөл байдал үүслээ" гэж Байнгын хорооны хурал дээр хэлж байв. 

Туул голын орчны бүсийг улсын тусгай хамгаалалтад авах, түүнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг Засгийн газрын хуралдаанаар дэмжээд байгааг М.Оюунчимэг гишүүн дурдсан. Тэгвэл одоо УИХ энэхүү тогтоолыг яаралтай баталж, тогтоолыг нь доод шатныхан нь яаралтай хэрэгжүүлж Туул голоо Зайсангийн араас "явахаас" хамгаалах чухал үүрэг ногдож байна. 

ТУУЛ ГОЛЫН ЭРЭГ ОРЧИМ ЯМАР НӨХЦӨЛ БАЙДАЛТАЙ БАЙГААГ БИД ДАРААХ БАЙДЛААР ГЭРЭЛ ЗУРАГТ БУУЛГАВ:

Зураг дээр дарж томруулж үзнэ үү,