2018/05/24
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,410.95₮
B30
УЛААНБААТАР
27°
|
11°
B30
УЛААНБААТАР
24°
|
13°
B28
УЛААНБААТАР
10°
|
06:00
S44
07:00
S44
12°
08:00
S32
16°
09:00
S32
19°
10:00
S32
22°
11:00
S32
24°
12:00
S32
25°
13:00
S32
26°
14:00
S32
26°
15:00
S32
27°
16:00
S32
26°
17:00
S32
26°

Г.Гоомарал: Манай улс хөгжлийн замаас зарим талаараа их хол байна

ikon.mn
2018 оны 5 сарын 9
iKon.MN

Тайваний Нанхуа Их Сургуулийн Төрийн удрирдлагын магистрант Ш.Отгон-Өлзий тус их сургуулийн Бизнесийн удирдлагын доктарантад суралцахын зэрэгцээ багшилж буй Г.Гоомаралтай ярилцсныг хүргэж байна. Та бүхэн хорин долоон настай докторантийн ярилцлагаас эерэг хандлага, зөв үлгэр дууриалалалыг авна гэдэгт итгэлтэй байна. 

-Манай уншигчдад та өөрийгөө танилцуулна уу? 

- Юуны өмнө та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг урьж ярилцаж буйд талархал илэрхийлье. Намайг Ганболдын Гоомарал гэдэг. 1991 онд Хэнтий аймгийн Өндөрхаан хотод төрж, өссөн. МУИС-ийн Санхүүгийн менежментийн ангийг төгссөн. Сургуулиа төгсөөд хоёр жил мэргэжлээрээ ажиллаж байлаа. Тодруулбал, нэгэн хувийн компанид нягтлан бодогчоор ажилласан. Ажиллах хугацаандаа өөрийгөө илүү хөгжүүлэх, үргэлжлүүлэн суралцах ёстой гэж үргэлж боддог байлаа. Гэтэл нэгэн өдөр санамсаргүй явж байгаад л бодож, төлөвлөж явдаг зүйлээ биелүүлэх боломж нээгдсэн. Тайваний боловсролын үзэсгэлэн яармагт оролцож мэдээлэл авсны дараа энэ оронд суралцах эхлэл тавигдсан даа. 

- Тухайн үед Тайваньд суралцахын давуу талыг юу гэж харж байв?. Энэ оронд боловсрол эзэмших нь таны зорилготой хэрхэн нийцэж байв?

- Тайванийн боловсролын үзэсгэлэн яармагаас авсан мэдээлэл надад маш их таалагдсан. Нөгөөтэйгүүр Тайваньд суралцахын давуу тал нь миний хоёр зорилготой нийцэж байсан. Нэгдүгээрт, мэргэжлээрээ мастерын зэрэг хамгаалах, хоёрдугаарт Хятад хэл суралцах зорилгод маань нийцсэн. Эхлээд Тайваний гурван сургуульд хүсэлт илгээж /apply/ хийсэн. Түүнээс одоо миний сурч буй Нанхуа их сургууль хариу ирүүлсэн. Тэгээд 2015 онд сургуульдаа элсэн орж 1.5 жилийн хугацаатай суралцаж бизнесийн удирдлагын мастерын зэрэг хамгаалсан. Одоо үргэлжлүүлэн докторын зэрэг горилон суралцаж байна. 

- Энэ сургууль нь Англи, Хятад хэлээр хичээлээ сонгон судлах боломжийг олгодог. Та аль хэлээр нь суралцаж байна?

- Миний хувьд зуун хувь англи хэлээр суралцсан. Суралцаж буй хичээлээсээ хамаараад хэлээ сонгодог юм. Нанхуа их сургууль нь бизнесийн удирдлагын хичээлийг зуун хувь англи хэлээр заадаг. Санхүүгийн менежментийн анги нь 50 хувь нь англи хэл, 50 хувь нь хятад хэлээр заадаг. Миний хувьд хятад хэлний мэдлэг төдийлөн бэлэн биш байсан учраас бизнесийн удирдлагын ангийг сонгож суралцсан. 

- Англи хэлийг дүрмийн дагуу хэрхэн үр дүнтэй сайн суралцах вэ? Та тус хэлийг суралцсан арга барил туршлагаасаа хуваалцвал? 

- Аливаа хэлийг сурахад маш их хөдөлмөр, уйгагүй оролдлого, хичээл зүтгэл хэрэгтэй. Мөн багахан хэмжээний авьяас хэрэгтэй. Миний хувьд хэлний бэлтгэлд тусгайлан суралцаж байгаагүй. Хүүхдүүдэд хандаж хэлэхэд, чанартай сургалттай хэлний бэлтгэлд суралцах хэрэгтэй. Хэлийг суралцахад систем их чухал ач холбогдолтой. Энд тэндээс нь системгүй суралцвал үр дүн бага гарч академик түвшинд хүрч чадахгүй. Тиймээс гадаадад суралцах оюутан залуус хэлний бэлтгэлд суралцах хэрэгтэй. Очоод болчихно, амьдрал дээр нь практикаар суралцана гэж зарим хүмүүс боддог. Тэгэж амархан бодож болохгүй. Цаг хугацаа ч их шаардагдана, боломж нь ч тааруу шүү дээ. Сурч буй хэлээ 24 цаг хэрэглэж хэвших ёстой. Энэ бол миний туршлага.

Би өглөө босч байна” гэдгийг англиар хэрхэн хэлэх вэ гэдгийг бодно гэсэн үг.

Бид 24 цаг монгол хэлээр ярьж, бичиж буйтай адилхан. 24 цаг англиар ярьдаггүй юм гэхэд өглөө босохдоо “Би өглөө босч байна” гэдгийг англиар хэрхэн хэлэх вэ гэдгийг бодно гэсэн үг. Та 24 цагт юу хийж, хэлж байна түүнийгээ ангилиар хэрхэн хэлэх вэ, яаж бичих вэ гэдгийг бодно. Өөртэйгээ илүү ажиллах хэрэгтэй болно. Маш олон аргууд бий, жишээлбэл толинд хараад англиар асуулт асууж, хариулах гэдэг ч юм уу арга олон байгаа. Түүний дараа хүнтэй ярилцах, харилцахад илүү үр дүнтэй байх болно.

Аливаа хэлийг суралцахад дөрвөн чадварыг тэнцүү хөгжүүлэх хэрэгтэй. /Ярих, Бичих, Сонсох, Унших/ энэ дөрвөн чадвараа зэрэг хөгжүүлэх нь илүү их ач холбогдолтой. Зарим хүмүүс зөвхөн унших, бичих чадвараа хөгжүүлчихээд ярих чадваа орхигдуулдаг. Харин зарим нь ярих чадвараа хөгжүүлчихээд бичих, уншихдаа муу байх нь элбэг. Эн тэнцүү л хөгжүүлэх хэрэгтэй. Дасгал сургуулилт хийж байж зэрэг хөгжүүлэх хэрэгтэй гэж хэлэх байна.

 

- Амжилттай ажиллаж буй зарим бизнесменүүд оюутны ширээнээс бизнесийн санаа, загвар, ирээдүйд хийх ажлынхаа чиглэлийг нь олсон байдаг. Таны хувьд сургуулиа төгсөөд хийх ажлынхаа төлөвлөгөөг эндээс боловсруулж байна уу? 

-Хүн бүр мөрөөдөлтэйн адилаар би ч гэсэн мөрөөдөлтэй. Миний ээж 30 гаруй жил эрүүл мэндийн салбарт үр бүтээлтэй ажилласан эмч хүн байдаг. Эмчийн гэр бүлд өсөж хүмүүжсэн учраас эрүүл мэндийн салбар миний амьдралд их ойр санагддаг. Иймээс нярай хүүхдийн дагнасан Килиник эмнэлэг байгуулан ажиллах зорилго, төлөвлөгөө бий. Сүүлийн үед бизнесийн загвар бүтээгдэхүүний салбараас  илүү үйлчилгээний салбар руу шилжиж Трэнд болж байна.

Дэлхий нийтийн чиг хандлага ч энэ чиглэлд түлхүү хөгжиж байна. Сайн үйлчилгээг авсан хэрэглэгчид сэтгэл ханамж ихээр төрж дахин үйлчлүүлэх хүсэл төрдөг. Хэрэглэгчид бүтээгдэхүүнээс илүүтэй үйлчилгээнээс авах сэтгэл ханамж өндөр болсон. Үүнийг хэрэглэгчид ч, бизнес эрхлэгчид ч мэддэг болсон. Би ээжийнхээ гуч гаруй жил хуримтлуулсан туршлагад үндэслэн хэрэглэгчдэд үйлчилгээний стандартыг сэтгэл ханамжтай нь хамт цогцоор нь хүргэх нярайн хүүхдийн килиник эмнэлэг байгуулна гэж зорьж байгаа. Энэ бол гэнэт шийдсэн зүйл биш миний хүүхэд насны мөрөөдөл. Шат дараатай хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байгаа. 

-Та докторт суралцахын зэрэгцээ баклаврын олон орны оюутнуудад санхүүгийн тооцон бодох чиглэлээр хичээл зааж байгаа. Хичээл зааж буй багш учраас таниас асуухгүй өнгөрч болохгүй нь. Ер нь гадны улсын оюутнууд болон Монгол оюутны ижил болон ялгаатай зан чанар, давуу болон сул тал хувь хүний чадваруудыг ажигласан байх? 

-Энэ сургуульдаа багшилж буй нь надад олдсон бас нэгэн том боломж юм. Суралцахын зэрэгцээ хичээл зааж буй нь давхар суралцаж байна гэсэн үг. Сургуулиас өгсөн хичээлийн хуваарийн хүрээнд өмнөх улиралд статистикийн хичээл заасан. Харин энэ улиралд дээд матетамик зааж байна. Иймд би хичээлээ маш сайн заахын тулд  өөрийгөө бэлдэж зааж байгаа. Анги дүүргэлт дунджаар 40 оюутантай.

Миний зааж буй хичээлд Монгол, Тайвань, Индонез, Малайз, Энэтхэг, Англи, Вьетнам, Киргиз зэрэг орны  оюутнууд суралцдаг. Оюутнууд тэнгэр, газар шиг ялгаатай байдаг. Суралцаж буй арга барил, аливаад хандаж буй хандлага, боловсролын суурь түвшин нь тухайн улсуудын боловсролын суурь системээс их хамаарч байгаа юм. Жишээлбэл, Малайз оюутнуудын хувьд 100 хувь англи, хятад хэлтэй. Суурь боловсролын системд нь Хятад, Англи хэлийг маш сайн зааж өгдөг юм шиг санагдсан. Мөн хэлний хувьд чадварлагийн дээр их хөдөлмөрч. Монгол оюутнуудын хувьд тооны хичээлдээ үнэхээр ялгарч чаддаг. Ер нь тэргүүлэгчдийн эгнээнд л байдаг. Гэм нь бага зэрэг залхуу.

 

Гэрийн даалгаврыг хийж буйгаас нь харахад бүтээмж жаахан сул, A+B=C гарах ёстой бол түүнийг нь бичээд өгчихөд боллоо гэж боддог. Хүнд харагдах байдал дээр хөл толгой хийгээд, гоё бичээд шалгахад амархан бичих ч юм уу энэ зүйл дээр ажиглагддаг. Угтаа бол илүү бүтээлч байвал давуу талтай юм. Зарим нь ойлгосон л бол болсон гэж бодоод байдаг. Ахиад илүү хичээж, давтах хэрэгтэй. Гоё сайханд анхаарал хандуулдаггүй.

Яг үнэндээ гоё сайхандаа гол нь биш тухайн хүн хэр зэрэг хөдөлмөрч, бүтээлч хүн байна вэ, жижиг гэлтгүй зүйлд хэрхэн хандаж байна вэ гэх мэт маш олон зүйл харагддаг юм. Түүнийг манайхан төдийлөн анхаардаггүй учир би хэлж, шаардаж “Аливааг хийсэн шиг хийх хэрэгтэй” талаар ярилцдаг. Вьетнам оюутнууд их хөдөлмөрч. Чадахгүй, ойлгохгүй ч чадах, ойлгохын төлөө их зүтгэлтэй.  Вьетнам 94 гаруй сая, Малайз 31 гаруй сая, Индонезийн хувьд 260 гаруй сая хүн амтай учир гадаадад суралцах оюутан нь маш их өрсөлдөөнөөс шигшигдэж гарч ирдэг. Тэгэхээр хөдөлмөрлөхийг ягштал мэдэрсэн хүмүүс гэсэн үг. Манай монгол оюутнууд сэтгэн бодох, математик сэтгэлгээ IQ өндөртэй байдаг. 

-Амжилтанд хүрсэн хүмүүс илүү их зорилго, тэмүүлэлтэй байж түүнийгээ бичиж тэмдэглэж, хүрэх арга замаа тодорхойлж, төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж байж амжилтанд хүрсэн байдаг. Таны хувьд? 

- Намайг тодорхойлдог үг бол ЗОРИЛГО. Зорилго том, жижиг, олон, цөөн байж болно. Зорилгоо биелүүлж байж сэтгэл ханамж авдаг. Эхнийх нь биелэхэд дараагийн зорилго эхэлдэг. Заримдаа эхнийх нь биелээгүй байхад дараагийн зорилго ундарч гарч ирдэг. Төлөвлөгөөгөө их гаргадаг. Мөн ургуулан бодож мөрөөдөх их дуртай. Орой орондоо ороод унтахынхаа өмнөхөн төсөөлөн боддог.

Хүний бодол их хүчтэй гэдэг шүү дээ. Хүчтэй бодол мөрөөдөлд хөтөлдөг байх. Ер нь залуу хүн мөрөөддөг, боддог байх хэрэгтэй мөн түүнийхээ төлөө зүтгэдэг байх хэрэгтэй. Мөрөөдөл таныг хөтөлнө. Мөрөөдлөөс зорилго үүсэж түүнийгээ төлөвлөгөө болгон хэрэгжүүлэх нь чухал болов уу залуу хүн мөрөөдөлгүй байж хэзээ ч болохгүй.

- Монголын эдийн засаг хөгжсөн өрсөлдөх чадвартай, бүтээмжтэй улс болоход юунд илүү анхаарч ажиллах ёстой вэ. Улсынхаа хөгжилд оруулах таны оролцоо юу байх бол?

- Бид гадаадад суралцан олон зүйлийг харьцуулан харж байна. Монгол Улс маань хөгжлийн замаас зарим талаараа их хол байна гэж санагддаг. Монгол Улсаа хөгжүүлэхийн төлөө нэг өдөр ч болтугай амьдарч үзэх юмсан гэж энд сурдаг монгол найзуудтайгаа ярилцдаг. Харамсалтай нь тэр боломж бидэнд байна уу. Хараад байхад танил тал, арын хаалгаар л ажилд ордог болсон байна. Бүгдийг мөнгөөр шийдэх гэж оролддог шударга бус тогтолцоо газар авчээ.

Хамгийн чухал нь Төрийн бодлого хэрэгтэй. Төрийг удирдан чиглүүлж буй хүмүүсээс  хэрэгжүүлэх хөгжлийн зөв бодлого, хүмүүсийн амьдралд нийцтэй хууль дүрэм журмууд гаргах шууд хамааралтай. Гадаадад суралцаж буй залуус бид эх орондоо эргэж очоод хамгийн түрүүнд нийгэмд эерэг хандлага нийгмийн сэтгэлгээг /positive mind/ бий болгох хэрэгтэй байна. Тухайн улс өндөр олон шилэн барилга, дансандаа олон сая доллартай байсан ч нийгэм нь эерэг биш бол тэр улсыг хөгжсөн улс гэж үзэж болохгүй.

Тайвань дэлхий дээрх хамгийн өндөр хөгжилтэй орон биш. Гэхдээ тав тухтай амьдрах орчныг бүрдүүлж чадсан улс шиг санагддаг. Хүмүүс нь эерэг хандлага, нийгэмд оролцох оролцоогоор нь үүнийг бүрдүүлж байна. Ард иргэд нь бүгд Монгол хүмүүс шиг уужуу сайхан сэтгэлтэй биш хэдий ч нийгмийн оролцоонд яаж оролцохоо хамгийн сайн мэддэг. Тиймээс залуус бид нийгэмд эерэг хандлага бий болгох хэрэгтэй. Энэ ажлыг эхлүүлвэл миний хувьд шууд дэмжиж оролцоно. Мэндлэх нь хүндлэхийн эхлэл гэдэг шиг энгийнээс эхлэх хэрэгтэй. Хэрхэн бие, биенээ хүндлэх вэ, нийтийн тээвэрт хэрхэн зөв соёлтой оролцох вэ, хоолыг олон нийтийн газарт хэрхэн зөв идэж уух вэ,  гудамж талбайд биеэ хэрхэн зөв авч явах вэ гэдгээс эхлэх хэрэгтэй.

Монголын хувьд нэг хүн бухимдахаар дагаад өөр хүн бухимдаж байна. Энэ явсаар өөр олон хүнд нөлөөлж үүнээс л стресс бий болж байна. Өдөр бүрийг бие биендээ хүндлэлтэй хандаж харилцаандаа хэвшүүлэх хэрэгтэй болов уу. Бие, биенээ хүндэлдэг дэмждэг, хамтардаг нийгмийг бий болгох хамгийн чухал. Хэрвээ ингэж чадвал өндөр барилга, их мөнгөтэй байсан ч байгаагүй ч хүмүүс нь сэтгэл ханамжтай сайхан амьдарч хөгжил өөрөө ирнэ. Энгийн талаас нь харцгаая үүнийг бий болгох тийм хэцүү биш гэж харж байгаа.

-Санхүүгийн чиглэлийн судлаачийн хувьд асуухад сүүлийн жилүүдэд crypto currency, crypto coin,  интернэтээр дамжсан цахим мөнгөний арилжаа, хувьцаа хөрөнгө оруулалт гээд шинэ тутам санхүүгийн ойлголт трэнд бий болж байна. Үүнд Монгол улс хувьд хэрхэн үрдүнтэй оролцож ашиглах вэ?

-Миний хувьд яг энэ зах зээлд хувьцаа авч, зарж арилжаа хийж үзээгүй. Мастерын дипломын ажлаа хөрөнгийн зах зээлийн шинжилгээгээр хамгаалсан. Тодруулбал, БНХАУ, Япон, Тайвань гэсэн гурван улсын хөрөнгө санхүү, хувьцааны зах зээлийг судлаад улс бүрээс нэг, нэг хувьцааг сонгож түүндээ тооцоолол, анализ хийж аль улсын хувьцааны зах зээл илүү үр өгөөжтэй, худалдаж авбал өндөр ашигтай байна вэ гэдгийг судалж байсан.

Монгол Улсын хувьд хувьцааны зах зээл төдийлөн хөгжөөгүй, дөнгөж эхэлж байна энэ бол боломж. Манай ангийн Вьетнам оюутан эх орондоо хувьцааны арилжаа хийж байсан туршлагатай хүүхэд надад хэлж байгаа юм “Чамд их том боломж байна. Чи энэ салбараар илүү судалгаа хийлээ хамгийн их ашиг олдог хувьцааны зах зээл бол хөгжиж эхэлж буй хувьцааны зах зээл юм. Тэр зах зээлд тэсрэлт /Boom/ хийх боломж гардаг. Нэгэнт хөгжиж голдрилдоо орсон том хувьцааны зах зээлд энэ ойлголт их ховор. Том хувьцааны зах зээлд тоглоод өндөр ашиг олох магдлал бага иймд Монголын хувьцааны зах зээлд төдийлөн хөгжөөгүй байгаа дээр арилжаа хийж ашиг олох боломж өндөр шүү гэдгийг энэ салбарынхандаа хэлэх байна.

- Танай оюутан найз танд ийм боломж байна гэж хэлж байгааг Монгол Улсад ийм том боломж нөөц бололцоо давуу тал байна гэж ойлгож болно биз?

- Таны хэлж буй зөв. Нөгөө талаараа Монголын хувьцаа хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх боломж нь ч бидэнд байна гэсэн үг.

 

- Хүнийхээ хөгжлийг тэргүүнд тавьсан улс орон хөгжиж чадсан байдаг. Тэр улсууд залуусаа өндөр хөгжилтэй оронд сургаж эргээд ирэхэд нь өндөр зохион байгуулалттайгаар зохих ажилд нь томилж  ажиллуулж улсаа хөгжүүлсэн жишээ олон. Манай улсын хувьд төрийн зүгээс ямар зохион байгуулалт хийгээсэй гэж та хардаг вэ? 

- Төрийн алсын хараатай, зөв зохион байгуулалт үгүйлэгдэж байгаа. Зөв, ухаалаг зохион байгуулалт сайтай урт хугацааны тогтвортой бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй.

-Тэд бидний төлөө юу хийх бол гэж асуухын оронд бид тэдний төлөө юу хийж чадах вэ гэж өөрөөсөө асуух хэрэгтэй гэдэг үг бий. Түүн шиг бидний хийж чадах зүйл юу байх бол?

-Япон улсын авто машин үйлдвэрлэлийн Тоёота компани олон инженер судлаачдаа АНУ-ын хамгийн чинээлэг хотуудын хороололуудад байр, түрээслэн амьдаруулан суралцуулж давхар судалгаа хийлгэсэн байдаг. Тэднийг чинээлэг Америк хүмүүсийн дунд амьдаруулж Америк хүний сэтгэлгээ, хэрэглээ, амьдралын хэв маяг жижиг гэлтгүй зүйлүүдийг ч бүр ямар төрлийн хүүхдийн тэрэг хэрэглэдэг ямар төрлийн авто машиныг хэрхэн хэрэглэдэг талаар нарийн судлуулсан байдаг. Тэгээд  тэдгээр судлаачид, инженерүүдээ эргүүлэн улс орондоо аваачаад олон баг болгон хувааж Америкчуудын  амьдралын хэв маягт нийцсэн ямар машин хийж болох вэ гэдэг санаагаа уралдуулж шийдэл гаргаж ажилласаны үндсэн дээр LEXUS гэдэг брэндийг бий болгосон байдаг. Энэ машин Амеркийн зах зээлд  амжилт гаргасан. Иймд судалгаа, шинжилгээгүйгээр аливаа амжилт амар хялбараар ирэхгүй.

Вьетнам ч мөн ялгаагүй энэ жишгээр хөгжсөн гададад оюутан залуусаа олноор суралцуулаад тэд эргэж ирээд улсаа хөгжүүлсэн байдаг. Нөгөө талаараа Монгол Улсын хувьд бид сурч мэдээд буцаад очвол хүлээж авах уу гэдэг эргэлзээтэй харагддаг. Мөн үнэлж чадах уу гэдэг нь айдастай олон залуус байгаа. Жишээлбэл, би доктор нь хүртэл сурлаа. Тайваньд багшилж байна. Миний мэдлэгийг үнэлж байна гэтэл Монголын зарим компаниуд “Чиний докторын зэрэг хамгаалсан, тэнд багшилсан эсэх чинь чухал биш. Олон жил ажилласан туршлагатай байх хэрэгтэй” гэж хандах хүний нөөцийнхөн бий.

Миний хувьд өөрийгөө илүү хөгжүүлсний дараа тэр туршлагыг олж авах ёстой болов уу гэж боддог. Ийм болохоор гадаадад сурч төгссөн залуустаа зориулсан төрийн оновчтой, ухаалаг бодлого чухал ач холбогдолтой нь харагдаад байгаа.

- Зарим дүү нар таниас тодорхой үлгэр дууриал авна, авсан байх гэдэгт итгэлтэй байна. Ёс зүйтэй, зөв хандлагатай, төлөвшсөн хувь хүн болоход юунд анхаарах вэ энгийнээр хэлбэл?

- Арванхоёрдугаар ангиа төгсөж буй дүү нартаа хэлэхэд “Чи яг хэн байх, ямар мэргэжилтэй хүн болмоор байгаагаа тодорхойл. Дараа нь түүндээ хүрэхийн төлөө шантралгүй хөдөлмөрлө” гэж хэлнэ. Манай эцэг эхчүүдийн хувьд ирээдүйд чи мундаг амжилтанд хүрэхийн тулд хичээлдээ сайн байх ёстой, хичээлээ сайн хийх хэрэгтэй гэж хэлдэг. Гэрийн даалгавараа хийсэн үү, хийх хэрэгтэй хичээлдээ ямар дүн авч байна гэдэг дээр их анхаардаг. Энэ хандлага сүүлийн үед бага багаар өөрчлөгдөж байгаа гэхдээ төдийлөн их биш. Эцэг эхчүүд хүүхдээ ойлгохыг хичээж тэднийг сонсдог болж төрөл бүрийн сургалт дамжаанд явуулж хувь хүний хөгжилд нь анхаарж байгаа байдал их зөв.

Миний хувьд энд ирээд сурч байхдаа өөртөө мэдэрсэн зүйл бол өнгөрсөн цаг хугацааг үр дүнгүйгээр өнгөрөөж байждээ гэсэн бодол. Монголоос энд ирээд сургууль, олон нийтийн арга хэмжээнд оролцох болоход Монголынхоо сайхан уртын дууг дуулж дуулж чадахгүй байсан, Монголынхоо алдартай хөгжийн зэмсэг болох Морин хуураа тоглож чадахгүй байсан, мөн уран нугарч чадахгүй байсан дэлхийд гайхагдсан соёлын өв болсон хөөмийгөө хөөмийлж чадахгүй байсан гэдэг ч юм уу хувь хүний чадварын хувьд дутмаг байгаагаа хараад өөртөө их харамсаж байсан.

Мөн спортод онцгойрох чадвараа хөгжүүлж байгаагүй. Иймд дүү нар минь хичээл сурлагадаа сайн бай нэмээд урлаг, спортын аль нэг төрлийг ямар ч нөхцөлд ашиглаж чадахаар сайн эзэмших хэрэгтэй. Мэдээж эцэг, эх найз нөхдийнхөө зөвлөгөөг сонсох ёстой ч өөрөө ямар хүн болмоор байгаагаа тодорхой болго. Түүнийхөө төлөө өөрийгөө дайчилж байх хэрэгтэй. Зорилгоо тодорхойлоод түүндээ хүрэх зорилтуудаа бичиж, тэмдэглэл хий. Тэгээд шат дараатай түүнийхээ төлөө уйгагүй хичээл зүтгэл гарга. Эцэг, эхийн сонгож өгсөн мэргэжлээр сурч, сонгож өгсөн амьдралаар насан туршдаа амьдарна гэдэг нь нэг талаараа маш том гуниг байх талтай. 

-Сургалтын төлбөр, бусад зардал мөнгөний асуудал таньд учирч л байсан байх. Сургалтын тэтгэлгийг хэрхэн авсан вэ. Мөн бусад зардлаа хэрхэн зохицуулж мөнгөний менежмент яаж хийж байна? 

- Анх энэ сургуульд элсэн суралцахдаа 100 хувийн тэтгэлэг авсан.  Гэхдээ оюутны байр болон хоол, унааны болон бусад зардлаа өөрөө хариуцна. Гэхдээ тэтгэлэг нь өөрөө шалгууртай. Эхний улирал 100 хувь чөлөөлөгдөнө. Дараагийн улирлаас нийт судалсан хичээлийн дүнгийн дундаж оноо 85 хувь түүнээс дээш байх ёстой. Баклаварын ангийн оюутнуудын хувьд 80 хувь, докторын ангийн оюутан 90 хувьтай байх ёстой. Иймд түүнээс доош дүнтэй гарвал төлбөрөө өөрөө төлнө гэсэн үг. Одоо би бүх хичээлдээ 90 хувиас дээш дүнтэй гарч байж тэтгэлэгээ хадгалах болзолтой. Энэ тэтгэлэг нь Нанхуа их сургуулийн өөрийнх нь тэтгэлэг юм. Улс, засгийн газар, мужийн ямар нэгэн тэтгэлэг биш гэсэн үг.

Тайвань манай улсыг бодвол амьжиргааны дундаж өртөг харьцангуй өндөр орон. Иймээс аав, ээжээсээ авсан мөнгөөрөө энд амьдрахад хүндрэлтэй. Тийм болохоор оюутнуудын хувьд чөлөөт цагаараа цагийн ажил хийх хэрэгтэй болдог. Миний хувьд хичээлийн эхний улиралд цагийн ажил хийгээгүй. Дараагийн улирлаас цагийн ажил хийж байж амьжиргааны зардлаа шийдсэн. Өмнөх жилийн өвлийн амралтаар нэгэн компанид анхны Монгол оюутан болж ажилд орсон. Анх ажилд авахдаа дурамжхан байсан.

 

Монгол хүний талаар сайн мэдэхгүй болохоор жаахан айдастай байсан байх. Гэхдээ би тэдэнд эерэг хандлагыг төрүүлж ажиллаж чадсан гэж бодож байгаа түүнээс улбаалан Монголчуудыг авч ажиллуулах боломж нээгдсэн. Миний дараагаар одоо 20 гаруй монгол оюутан тухайн компанид цагийн ажил хийж байна. Тэдгээр оюутнуудад цагийн ажил хийх боломжийг олгож чадсандаа баяртай байдаг тэд маань ч надад баярлууштай байдаг болов уу. Анхлан би оюутан цагийн ажилтан байсан дараа нь тус компани надад тушаал дэвших боломжийг олгож одоо assistant manager буюу ерөнхий менежерийн туслахаар ажиллаж байгаа. 

- Хичээлийнхээ дундуур үнэтэй цаг заваа гаргаж өөрийнхөө үзэл бодлоо хуваалцсан танд их баярлалаа. Хэдийгээр мэргэжлийн сэтгүүлч биш ч гэсэн танаас залуу дүү нар үлгэр дууриал аваасай гэдэг үүднээс ярилцлаа. Тэд бидний төлөө юу хийх бол гэж хүлээхээс илүү бид Монголын төлөө юу хийх вэ гэж харж хамтдаа Монголоо хөгжүүлцгээе гэсэн уриагаар энэхүү ярилцлагаа өндөрлөж байна. Танд сурлагын өндөр амжилт хүсэн ерөөе.

- Маш их баярлалаа. Тэд бидний төлөө юу хийх бол гэж хүлээхээс илүү бид Монголын төлөө юу хийж чадах вэ гэдэг үг их сайхан санагдаж байна. Удирдан чиглүүлж буй хүмүүсийг  удаан хүлээх биш бид Монголынхоо төлөө юу хийж чадах вэ гэж олноороо боддог, бас нэгддэг, хөдөлмөрлөдөг байгаасай гэж хүсч байна. Урьж ярилцсанд баярлалаа. Олон эерэг залуустай сайхан ярилцлага хийж эерэг бүхнийг түгээгээрэй гэж хүсье. Баярлалаа.

x