Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/09-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Гантулга гишүүнийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх асуудал дахин яригдах боломжтой боллоо

Т.Саран, iKon.mn
2018 оны 5 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн Д.Гантулгыг хүчингийн хэрэгтэй холбогдуулан прокуророос бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх хүсэлтийг УИХ-д тавьсан боловч прокурорын санал нь хүчингүй болсон хуулийн заалт буюу УИХ-ын тухай хуулийн 6.9.1-д үндэслэсэн учир энэ асуудлыг шийдвэрлэх боломжгүй болсон юм. 

Ингээд уг хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан санаачлан УИХ-аар хэлэлцүүлж, тавдугаар сарын 03-ны өдөр батлаад буй. 

Нэмэлт өөрчлөлт оруулж баталсан тус хуульд гишүүн гэмт хэрэгт холбогдвол бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэх асуудлыг УИХ шийднэ, УИХ-ын гишүүний халдашгүй байдлыг хуулиар хамгаална гэсэн заалтыг тусгажээ.

Хуулийн мухардал арилсан учир Д.Гантулга гишүүнийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх эсэх асуудал дахин хөндөгдөх үү гэдэг асуулт гарч ирнэ. Энэ хэрэг дээр ажиллаж буй хуульчдаас талаар тодруулахад  "Д.Гантулга гишүүн өмнө нь хуулийн байгууллагаас 18 удаа дуудахад ирээгүй. Харин одоо дуудсан цагт очиж, мэдүүлэг өгч байгааг юуны түрүүнд хэлэх хэрэгтэй болов уу. 

УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн эцсийн найруулгыг Улсын Их Хуралд танилцуулснаас хойш Улсын Их Хурлын дарга ажлын 3 өдрийн дотор түүнд гарын үсэг зурж ёсчилно. Ёсчилсон хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг Улсын Их Хурлын Тамгын газар 24 цагийн дотор Ерөнхийлөгчийн Тамгын газарт илгээнэ.

Ингээд илгээсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг Ерөнхийлөгчийн Тамгын газар хүлээж авсан өдрөөс хойш ажлын 5 өдөрт багтаан Ерөнхийлөгч тухайн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг бүхэлд нь буюу түүний зарим хэсэгт хориг тавих эсэх асуудлыг шийдвэрлэх хуулийн заалттай. 

Тиймээс УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл батлагдсанаас хойш Ерөнхийлөгч хориг тавих эсэх хугацааг дуусгаад бид үргэлжлүүлэн Прокурорт хүсэлт гаргана.

Өөрөөр хэлбэл, Д.Гантулга гишүүнийг бүрэн эрхээс түдгэлзүүлэх хүсэлтийг УИХ-д гаргах талаар бид дахин Прокурорт хандана" гэсэн юм. 

Харин энэ тухайд Улсын Ерөнхий Прокурорын газрын хэвлэлийн төлөөлөгч Г.Бясмантай холбогдон тодруулахад "Д.Гантулга гишүүнтэй холбоотой юм уу, ер нь ямар нэг асуудлаар одоо хийх гэж байгаа ажлынхаа талаар мэдээлэл өгөх боломжгүй. Баримт нь гарч баталгаажсаны дараа мэдээлэл өгнө" гэсэн тайлбарыг өглөө.