2018/08/16
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,460.07₮
B12
УЛААНБААТАР
18°
|
13°
B32
УЛААНБААТАР
23°
|
B34
УЛААНБААТАР
26°
|
11°
23:00
S44
12°
00:00
S44
11°
01:00
S44
10°
02:00
S32
03:00
S32
04:00
S32
05:00
S32
06:00
S32
07:00
S32
08:00
S32
12°
09:00
S32
14°
10:00
S32
16°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/05/09 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Эрдэнэбатын атгасан олсны нөгөө үзүүрт захиалагч бий юу

Б.Билгүүн, Өглөөний сонин
2018 оны 5 сарын 9
MorninigNews.mn
2016.12.14. С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийн Анхан шатны шүүх хурал 18 жилийн дараа ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461-р ангид болов. /Гэрэл зургийг mpa.mn/

УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Санжаасүрэнгийн Зориг агсан 1998 оны аравдугаар сарын 2-нд бусдын гарт амиа алдсан. Тэр өглөө монголчууд Зориггүй сэрсэн. Түүний амийг бүрэлгэсэн хэрэгт 18 жилийн дараа Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар ял шийтгүүлсэн ч хоёр шатны шүүх хурал хаалттай явагдсан болон хэргийн нөхцөл байдал ээдрээтэйгээс үүдэж мөрдөн шалгах, шүүх ажиллагаа үнэн зөв явагдсан эсэхт олон нийт эргэлзсээр байгаа. Мөн уг хэргийг хэн захиалсан нь өнөөг хүртэл тогтоогдоогүй байдаг.

Уржигдар "Цензургүй яриа" нэвтрүүлэгт УЕП-ын орлогч, талийгаач С.Зоригийн хэргийн 10 дахь ажлын хэсгийн ахлагч, Г.Эрдэнэбат оролцлоо. Эл үеэр нэвтрүүлгийн багийнхан С.Зориг агсны хэргийн улсын нууцаас гаргасан баримтуудыг дэлгэсэн. Гэхдээ эл баримтууд олон нийтэд ил болоогүй байснаараа “хадаас” болсон. Мөн маргаан дагуулсан эргэлзээтэй зарим асуултад ажлын хэсгийн ахлагч Г.Эрдэнэбат хариулт өгсөн юм.

Г.Эрдэнэбат прокурор 2015 онд уг хэргийн ажлын хэсгийн ахлагчаар томилогдож авах үед 27 хавтаст хэрэг байжээ. Прокуророос яллах дүгнэлт үйлдээд хэргийг шилжүүлэхэд хавтаст хэрэг 58 болсон. Шүүхээр хэргийг шийдвэрлээд дуусахад 66 хуудас хавтаст хэрэг болжээ. Ямартай ч түүний ахалсан ажлын хэсэг шалгалтын явцдаа хэргийн холбогдолтой 30 орчим хавтас материал, баримт сэлт цуглуулжээ.

Харин дээрх хавтаст хэргээс хэдэн нь ил болсон гэдгийг хэлэх боломжгүй аж. Эл хэргийг мөрдөн шалгах явцад төрийн нууцтай холбоотой баримтуудыг нууц хэвээр нь үлдээж, үлдсэн хэргийн материалыг Засгийн газрын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлигаар ил болгосон юм. Ингэхдээ хоёр удаа ил болгож, 71 хуудас материал нууц хэвээр үлдсэн аж.

Уг хэргийг нарийн зохион байгуулалтан дор мэргэжлийн гэмт хэрэгтнүүд үйлдсэн гэх төсөөлөл олон нийтэд байдаг. Гэтэл хэрэг гарах үед Б.Содномдаржаа 24, Т.Чимгээ 26, Ц.Амгаланбаатар 16 настай байсан. Түүнчлэн тэр дундаа орон нутгийн иргэдийг хот руу оруулж гэмт хэрэг үйлдүүлсэн гэдэг нь өөрөө асар их эргэлзээ төрүүлдэг.

Энэ талаарх сэтгүүлчдийн асуултад Г.Эрдэнэбат прокурор “Захиалагчийн хувьд эл хэргийг үйлдүүлэхдээ олон талаас нь харж, бодож төлөвлөсөн. Тухайлбал, дээрх хүмүүс эл хэргийг үйлдэхээсээ өмнө ямар, нэг гэмт хэрэгт оролцоогүй, цагдаагийн байгууллагад бүртгэлгүй  байсан. Учир нь ийм хэрэг гарсны дараа мөрдөн шалгах ажиллагааг өмнө нь гэмт хэрэг үйлдэж байсан хүмүүсээс эхэлдэг. Тухайн үед ч тэгж шалгасан. Мөн насанд хүрээгүй этгээдтэй хамтарсан нь цаанаа нарийн тооцоотой” гэсэн юм.

Мөрдөн шалгах ажиллагааны үр дүнгийн тухайд Б.Содномдаржаа хэргээ хүлээсэн бол Т.Чимгээ мөрдөн байцаалтын шатнаас өмнө нь хэд хэдэн удаа хэргээ хүлээж байжээ. С.Зориг агсны хэргийн гүйцэтгэгчийг илрүүлсэн учир одоо захиалагчийг шалгах ажиллагаа явагдаж байна. Учир нь хэргийг үйлдсэн хүнийг олж байж, захиалагчийг олдог олон улсын туршлага байдаг аж. Энэ тухайд Г.Эрдэнэбат прокурор “Хэргийн ул мөрний араас л явна. Гэмт хэрэг үйлдсэн газар захиалагчийн ул мөр байдаггүй. Харин захиалагчийг шалгах үед зарим нэг хүнд энэ хэргийг илрүүлэхгүй байх сонирхол байна. Мөн энэ хэргийг зохиомол гэж байгаа нь өөрөө зорилготой үйлдэл” гэв.

Түүнчлэн эргэлзээтэй, нийгмийг хоёр талцуулдаг зарим асуудалд дараах хариултыг өгөв. “Ц.Нямдорж сайдын тушаалаар ажлын хэсэг өөрчлөгдөж байгаагүй. Тушаалыг харахад, дөрвөн удаагийн ажлын хэсгийг солих хөдөлгөөн өрнөх үед Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж ажиллаж байх үетэй цаг үе нь таарсан. Ажлын хэсгийнхэн ЦЕГ, ТЕГ, УЕПГ-ын хамтарсан тушаалаар томилогддог. Хэргийн газраас олдсон малгай Бат-Үүлийнх болох нь тогтоогдсон. С.Зориг агсны амийг хөнөөсөн хэрэгт түүний эхнэр Б.Булган хамжигч байсан ч хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Эл хэргийг сэргээж шалгаж эхэлснээс хойш Б.Булган олон удаа мэдүүлэг өгөхөөс татгалзсан” гэсэн юм.

Ямартай ч Г.Эрдэнэбат прокурор Монголын цагдаа хүчний байгууллагын толгой мөрдөгчдийн ард нь гарч чадаагүй хэргийн гүйцэтгэгчдийг олж, шүүхээр шийтгүүлсэн гэдгээ баримттай хэллээ. Гэвч түүнийг захиалагчийг олоогүй цагт эргэлзэж буй хүмүүс бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрч “Шерлок Холмс” “цол” өгөхгүй. Хардлага үргэлж дагах учир Г.Эрдэнэбатын атгасан олсны нөгөө үзүүрт С.Зориг агсны хэргийн захиалагч бий юу гэсэн ганц л “бодлого”-ын хариу үлдлээ.

Түүний ахалсан ажлын хэсэг захиалагч руу хэр ойртсоныг гагцхүү тэр өөрөө л мэдэж байгаа. Гэхдээ олсны нөгөө үзүүрт хэн ч байхгүй байвал магадгүй өөрөө ороогдож мэдэхээр нөхцөл байдал үүснэ. Хашир прокурор ийм нөхцөл байдал үүснэ гэдгийг урьдаас тооцоолсон болоод энэ хүртэл явсан биз ээ.

x