Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/08-НД НИЙТЛЭГДСЭН

Шар луувангийн шүүс тогтмол хэрэглэсэн хүүхдүүдийн өндөр, жин жигд нэмэгджээ

Г.Номин, iKon.mn
2018 оны 5 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нэг килограммаас нь 450 грамм шүүс гардаг “Naval” сортын шар лууванг цэцэрлэгийн хүнсний хангамжид нийлүүлэн, хүүхдийн өсөлт хөгжилтөд хэрхэн нөлөөлж байгааг судалжээ.

Уг судалгааны үр дүнг танилцуулах арга хэмжээ өнөөдөр боллоо. 

 
Гэрэл зургийг mpa.mn

Судалгааны үр дүнгийн талаар “Монгол ногоо” төслийн зөвлөх, судлаач Н.Оюундарь "Шар лууван нь эмчилгээ, сувиллын болон хүүхдийн хоол, унданд хэрэглэхэд нэн тохиромжтой төдийгүй хүний бие махбодийн хэвийн үйл ажиллагааг хангах, эрүүл мэндийг хамгаалахад зайлшгүй хэрэгтэй эслэг, нийлмэл нүүрс ус, антиоксидантууд, эрдэс бодис, амин дэмээр нэн баялаг. 

Судалгааны/50 хүүхэд/ болон хяналтын/50 хүүхэд/ бүлгийн хүүхдүүдэд гурван сарын турш хоолны ижил цэсээр үйлчилсэн бөгөөд судалгааны бүлгийн хүүхдүүдэд шар луувангийн шүүс болон шар луувангаар баяжуулсан бүтээгдэхүүн нэмэлтээр өгсөн нь хяналтын бүлгийнхнээс ялгаатай байсан юм. Шар луувангийн шүүс, баяжуулсан бүтээгдэхүүн хэрэглэснээр хүүхдийн хоол нь төрөл бүрийн бичил шимт бодисоор баяжсан нь тэдний өсөлт хөгжилтөд нөлөөлсөн гэж дүгнэж байгаа.

Судалгааны хүрээнд хүүхдүүдэд луувангийн шүүс өгч эхлэхээс өмнө болон дараа бие бялдарын хэмжилт хийсэн. Ингээд хэмжилтийн үр дүнг харахад луувангийн шүүс, луувангаар баяжуулсан хүнс хэрэглэсэн хүүхдүүдийн өндөр, жин нь хяналтын бүлгийн хүүхдүүдтэй харьцуулахад жигд нэмэгдсэн. Мөн 56 дугаар цэцэрлэгт луувангийн шүүс хэрэглэсэн хүүхдүүдийн бугалаганы тойргийн хэмжээ нэмэгдсэн эерэг үзүүлэлт ажиглагдсан" гэв.

Зураг дээр дарж томруулж үзэх боломжтой.

"Хүүхдүүд луувангийн шүүснээс илүү, луувантай жигнэмэг, мантуу, хайлмагт дуртай байдаг" хэмээн Баянзүрх дүүргийн 115 дугаар цэцэрлэгийн тогооч хэлсэн юм.

Мөн эцэг, эхчүүдийн зүгээс луувангийн шүүс хэрэглэсэн хугацаанд дархлаа сайжирч байсныг хэлж байлаа.

Цэцэрлэгийн нэг өдрийн хоолоор хүүхдүүдийн авч буй шим тэжээлийн агууламжийг тодорхойлон 4-6 насны хүүхдийн хоол тэжээлийн зөвлөмж хэмжээтэй харьцуулсан судалгаа хийхэд хүүхдүүд хоолоороо зайлшгүй шаардлагатай зарим амин дэм, эрдэс бодисуудыг зөвлөмжид заасан хэмжээнд нийцүүлэн авч чадахгүй байгааг судалгааны багийнхан онцолж байв.

Тиймээс цаашид цэцэрлэгийн хүүхдийн хоолны цэсийг шинжлэх ухааны үндэстэй боловсруулж, шим тэжээлийн бодисуудыг нь зөвлөмж хэмжээнд нийцүүлэх зорилгоор хүүхдийн хоолонд жимс, хүнсний ногоог түлхүү оруулах шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм.

 
Гэрэл зургийг mpa.mn

ХХААХҮЯ-ны Худалдаа, нийтийн хоол, үйлчилгээний зохицуулалтын хэлтсийн дарга О.Онон "Хүүхдийн хоол хүнсний асуудалд нэлээд анхаарал хандуулж, ажиллаж байгаа. Үүний нэг нь "Хүүхдийн өсөлт хөгжилтөд шар луувангийн нөлөөлөх байдлын судалгаа" юм. Салбарын яам бол нэг талаас хүүхдийн өсөлт хөгжилтийг дэмжих хоол хүнс нөгөө талаас дотоодын үйлдвэрлэл гэдэг утгаар харж байна. Төсөлд энгийн монгол луувантай харьцуулахад шүүс ихтэй, шүүсний сортын “Naval” шар лууванг ашигласан. Цаашдаа цэцэрлэгийн хоолонд импортоор оруулж ирсэн хатаасан жимс биш эх орны хөрсөн ургуулсан жимс, хүнсний ногоог ашиглахыг зорьж байгаа" хэмээн ярилаа.

ХХААХҮЯ-ны санаачилгаар Швейцарын хөгжлийн агентлагаас хэрэгжүүлж буй “Монгол ногоо” төсөл, Нийслэлийн боловсролын газартай хамтран хэрэгжүүлсэн тус төслийн хүрээнд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 56, Баянзүрх дүүргийн 115 дугаар цэцэрлэгийн 2-5 насны хүүхдүүдийг хамруулж, хоолонд нь шар луувангийн шүүсийг гурван сарын турш нэмэлтээр өгсөн байна.

Судалгааны үр дүнд үндэслэн гаргаж буй зөвлөмж:
  • Голландын “Naval F1” сортын шар лууванг Монголд нутагшуулах, тарьж ургуулах хэмжээг үйлдвэрлэлийн болон өрхийн хэмжээнд цаашид үе шаттайгаар нэмэгдүүлэх
  • “Naval” сортын шар лууванг эхний ээлжинд цэцэрлэг, сургуулийн хүүхдийн хоолонд цаашилбал нийт хүн амын хоол хүнсэнд хэрэглэх хууль эрхзүйн орчин бүрдүүлэх
  • ЕБС, цэцэрлэгүүдийн гал тогоог ногоо, жимсний шүүс гаргадаг тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр хангах
  • ЕБС, цэцэрлэгийн тогооч нарыг ногоо, жимсний шүүс гаргах, хүүхдийн хоолыг төрөл бүрийн хүнсний ногоо, жимс, жимсгэнээр баяжуулах талаар сургаж дадлагажуулах
  • Цэцэрлэгийн хүүхдийн хоолонд агуулагдах илчлэг, шим тэжээлийн бодисын агууламжийг зөвлөмж хэмжээнд нийцүүлсэн хоолны цэсийг нэгдсэн байдлаар боловсруулан баталж улсын хэмжээний бүх цэцэрлэгт мөрдүүлж хэвшүүлэх
  • Цэцэрлэг хамрагдсан хүүхдийн өсөлт хөгжилтийн байдлыг антропометрийн хэмжилтүүдээр нарийвчлан судалж өсөлт хоцрох эрсдэлтэй хүүхдүүдийн хоол, асаргаанд нэмэлт анхаарал тавих тогтолцоог бий болгох
  • Хүүхдийг хэрхэн зөв зохистой хооллох талаар цэцэрлэгийн багш нар болон эцэг эхчүүдийн мэдлэгийг дээшлүүлж, хандлагыг нь өөрчлөх сургалтын тогтолцоог цэцэрлэгт бий болгох Хүүхдийн хооллолт, эрүүл мэндийн байдал, оюун ухаан, бие бялдрын өсөлт хөгжилтийг хэвийн байлгахад цэцэрлэг болон эцэг эхчүүд нягг хамтран ажилладаг тогтолцоог бий болгож хэвшүүлэх зөвлөмж гаргажээ.